Турк, ОХУ, Украины эрх баригчид үр тариаг Хар тэнгисийн боомтуудаас экспортлох гэрээг хоёр сараар сунгажээ. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.
Гэрээ сунгагдсаныг ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова баталжээ. Тэрбээр үр тарианы хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад гарсан гажуудлыг аль болох хурдан засах ёстой гэв.
Өмнөх хугацааг сунгасны дараа гэрээ энэ сарын 18-нд дуусгавар болжээ. Гэрээг шинээр сунгахад ОХУ татгалзан нэмэлт шаардлага тавьж байв. Москва ямар нөхцөлтэйгаар гэрээг сунгахаар тохиролцсон талаар одоогоор мэдээлээгүй байна.
Украины Нутаг дэвсгэр, дэд бүтцийн хөгжлийн сайд Александр Кубраков мэдэгдэхдээ, хэлэлцээр 7-р сарын 18 хүртэл сунгагдлаа гэжээ.
Түүний хэлснээр, Туркийн бүс нутагт 70 хөлөг онгоц хүлээж байгаа бөгөөд тэдгээрийн 90% нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авагчдад хүргэхэд бэлэн байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийт 30.4 сая тонн бүтээгдэхүүн экспортлоглджээ.
"Үр тарианы гэрээ" гэж юу вэ
Украин бол үр тарианы бүтээгдэхүүн нийлүүлдэг дэлхийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг боловч 2022 оны 2-р сард Орос-Украины мөргөлдөөн эрэлснээс хойш Украины Хар тэнгисийн боомтуудын агуулахуудыг ОХУ-ын цэргийн флот хаасан юм.
2022 оны 7-р сарын 22-нд НҮБ-ын зуучлалаар Истанбулд болсон хэлэлцээний үеэр Украин, Орос, Турк улсууд Украины үр тарианы экспортын хоригийг тайлахаар тохиролцсон юм.
Украин тусдаа Турк болон НҮБ-тай гэрээ байгуулан, тэдний өмнө үүрэг хүлээдэг бол ОХУ мөн адил Турк, НҮБ-тай тусдаа гэрээ байгуулсан.
Түүнээс хойш НҮБ-ын мэдээлснээр Украины өмнөд боомтуудаас олон сая тонн хүнсний бүтээгдэхүүнийг Туркийн хяналт шалгалтан дор дэлхийн олон улс орнууд руу илгээсэн байна. НҮБ-ын мэдээлснээр үр тарианы хэлэлцээр нь олон зуун сая хүнийг өлсгөлөнгөөс аварчээ.
ОХУ-ын тавьж буй шаардлага
Хэлэлцээрийг дахин сунгахын тулд ОХУ өөрсдийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тухайлбал бордоо экспортлохтой холбоотой хэд хэдэн нөхцөл биелүүлэхийг шаардаж байсан.
Хэдий ОХУ-ын хөдөө аж ахуйн экспорт Орос-Украины мөргөлдөөнтэй холбогдуулан олон улсын хориг арга хэмжээнд хамрагдаагүй ч төлбөр, тээвэрлэлт болон даатгалын хязгаарлалт нь гадаадад экспортлоход ихээхэн хүндрэл учруулж байгаа талаар Москва мэдэгддэг.
Тиймээс ОХУ-ын зүгээс гэрээний ажлыг удаа дараа шүүмжилж, гэрээнээс гарахаа анхааруулж байв.
НҮБ гурван жилийн хугацаанд Москвад нийцсэн хэлэцээрт хүрэхэд туслахаар тохиролцжээ. Гэсэн хэдий ч олон асуулт нээлттэй хэвээр байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тавдугаар сарын эхээр мэдэгдсэн юм.
ОХУ-ын талаас дэвшүүлсэн нөхцлөөс дурдвал:
ОХУ-ын Хөдөө аж ахуйн банкийг олон улсын SWIFT төлбөрийн системд буцаах.
ОХУ-д гадаадын хөдөө аж ахуйн техник, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх ажлыг сэргээх.
Даатгалын хязгаарлалтыг арилгаж, Оросын хөлөг онгоц, ачааг боомтуудад нэвтрүүлэх.
ОХУ-ын Тольятти хотоос Одесса руу аммиак шахдаг хоолойн ажиллагааг сэргээх.
Оросын бордооны компаниудын данс, санхүүгийн үйл ажиллагаанд тавьсан хоригийг болиулах.
Талууд эдгээр нөхцлийн аль нэгийг биелүүлэхээр тохиролцсон эсэх талаар одоогоор мэдээлээгүй байна.
Москваг Хар тэнгисээр Украины үр тариа тээвэрлэхийг зөвшөөрүүлэхийн тулд НҮБ Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлоход нь туслахаа амласан ч энэ нь шаардлагатай хэмжээнд болоогүй гэж ОХУ мэдэгджээ.