2022-2023 оны хичээлийн жилд сурагчдаас авах улсын шалгалтын товыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2018 оны А/425 дугаар тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон сургалтын чанарын үнэлгээний журмын дагуу жил бүр бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж буй сурагчдыг улсын шалгалтад хамруулдаг. Уг шалгалт нь сургалтын хөтөлбөр, сурагчдын сурлагын амжилтад хөндлөнгийн үнэлгээ хийхэд чиглэдэг аж. Бага боловсрол эзэмших буюу энэ жил тавдугаар анги төгсөж буй сурагчдаас энэ сарын 29-31-нд монгол хэл, математик, хүн ба байгаль хичээлээр улсын шалгалт авахаар товложээ. Тэгвэл суурь боловсрол эзэмших есдүгээр ангийн сурагчид ирэх сарын 5-8-нд монгол хэл, математик, гадаад хэл болон сонгосон нэг хичээлээрээ шалгалт өгнө. Бүрэн дунд боловсрол эзэмших төгсөх ангийн сурагчид, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас дээр дурдсантай адил хугацаанд шалгалт авах хуваарь гаргасан байна. Шалгалтыг орон даяар зэрэг эхлүүлэх бөгөөд тавдугаар ангийнх 60, ес, 12 дугаар ангийнх нь 80 минутын хугацаатай байх гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч