Гадаадын нэгэн хэвлэлд Монголын нийслэлийг цементэн ширэнгэ болсон хэмээн бичжээ. Улаанбаатарт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимжсэнээс хүүхэд багачууд чөлөөтэй тоглох зай талбайгүй болсон, эмнэлэг зэрэг нэн чухал үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь ч цементэд шахагдаж, өөрийн гэсэн орон зайгаа алдсан гэж тус нийтлэлд дурдсан байв. Энэ бүхэн хэлбэрэлтгүй үнэн учраас нийслэлчүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч, Улаанбаатарт гахиур биш, ногоон байгууламж, тэнгэр баганадсан өндөр барилга бус, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлсээр. Харин яг энэ цаг үед нийслэлийнхэн хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд гойд анхаарч, арчилгаа тордлогоог эхлүүлснээ, нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэцэрлэгжүүлэх, хамгаалах ажлыг хувийн хэвшлийнхэнд хариуцуулах болсноо зарлалаа.
Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг арчлан тордож, хамгаалах ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хариуцдаг байсан. Эл байгууллагынхан хотын ерөнхий менежер болон дүүргүүдийн Засаг дарга нарын чиглэл, хуваарилсан төсвийн хүрээнд ажлаа гүйцэтгэж, зарим тохиолдолд хувийн хэвшлийнхнээс туслалцаа авч ирсэн. Харин өнөө жилээс эхлээд ажлын гол, ачааны хүндийг хувийн, мэргэжлийн байгууллагынханд үүрүүлэхээр болж. Ингэхдээ тэднийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах гэнэ. Энэхүү шийдвэр нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилготойг албаны хүмүүс хэллээ.
..Өрсөлдөөн бий болж байгаа учраас дагаад хяналт бий болно. Энэ шийдвэрийг дэвшил гэж харж байна. Гурван жилээр гэрээ байгуулж буй нь зөв, эсэхэд эргэлзсэн. Үүнийгээ аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах зорилготой гэж тайлбарлана лээ. Уг нь сонгон шалгаруулалтаар хангалттай чадвартай, хамгийн сайн туршлагатай байгууллагуудыг тодруулж, ажлаа хийлгэнэ гэж ойлгоод буй” гэв. Харин хувиараа мод үржүүлдэг Б.Сайханцэцэг “Төр, хувийн хэвшлийн байгууллага аль нь ч бай хариуцлагатай ажиллах ёстой. Мэргэжлийн байгууллагынхан илүү чадвартай гээд ажиллуултал нөгөөдүүл нь сэтгэлгүй, хариуцлагагүй бол өмнөхөөс дээрдэхгүй” хэмээсэн нь голоо олсон үг санагдав...
Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ногоон байгууламжийн арчилгаа, хамгааллыг нийслэлийн төрийн захиргааны байгууллага хариуцдаг байсан нь техникийн шинэчлэл хийхэд хүндрэл учруулж ирсэн. Одооноос үүнийг бизнесийн зарчмаар нь явуулна. Нийслэлийн зүгээс хяналт тавьж, хариуцлага нэхнэ. Тухайн ажлыг гүйцэтгэсэн аж ахуйн нэгж хариуцлага алдвал гэрээг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэсэн бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сүхбат “Манай улс социализмын үед ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд гойд анхаардаг, 1000 гаруй хүнтэй томоохон алба, нэгжтэй байсан нь 1990-ээд оны шилжилтийн үед үгүй болсон. Тэр цагаас хүний нөөцөд анхаарах нь байтугай ногоон байгууламжийн арчилгаанд мөнгө төсөвлөхөө больчихсон юм. Энэ чиглэлийн ажил хаягдсан гэсэн үг. Харин Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга байхдаа буюу 2013 онд ногоон байгууламжийн урсгал зардалд анх дөрвөн тэрбум төгрөг төсөвлөснөөс хойш жил бүр арчлах, хамгаалах ажлыг тодорхой хэмжээнд хийж ирсэн. Үүнд төсөвлөсөн зардлыг 2012-2016 онд “Хот тохижилтын газар”-т 100 хувь олгодог, харин тус байгууллагынхан зарим ажлаа туслан гүйцэтгэгчдээр хийлгэдэг байсан юм билээ. Хувийн хэвшлийн оролцоо төдийлөн их байгаагүй. Ингэж явсаар 2017 оноос мэргэжлийн байгууллагынхныг хотыг цэцэрлэгжүүлэх ажилд татан оролцуулах чиглэлд анхаарч эхэлсэн. Үүнээс хойш хувийн хэвшлийнхний оролцоог нэмсээр өдгөө давамгай эрх олгохоор болж байна. Өнөө жил гэхэд ногоон байгууламж арчлах, хамгаалах ажилд төсөвлөсөн зардлын 93 хувь нь хувийн хэвшил, долоон хувь нь хот тохижилтын байгууллагад “очно”. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар тухайн салбар дахь талуудын оролцоог оновчтой болгохтой холбоотойгоор Засгийн газар тогтоол гаргасан. Нийслэлийн удирдлагууд үүнийг баримталж буй” гэж ярилаа.
“Хот тохижилтын газар” нийслэлийн ногоон байгууламжийг хариуцах эхний ээлжийн 21 аж ахуйн нэгжийг шалгаруулж, гурван жилийн гэрээ байгуулжээ. Шалгарсан аж ахуйн нэгжүүд ч ажилдаа ханцуй шамлан оржээ. Хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зориулалттай 135.4 га талбай бий гэнэ. Үүний 46 га талбай дахь ногоон байгууламжийг “Хот тохижилтын газар”-ынхан, 89.5 га талбай дахь ургамлыг ойн мэргэжлийн байгууллагууд арчилж тордож буй аж. Өнөө жил 20 мянган ам метр талбайг зүлэгжүүлж, 512 мянган цэцэг, 2100 шилмүүст мод, 95 мянган бут, сөөг, гоёл чимэглэлийн 88 мянган мод тарих ажлыг гэрээт аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх нь.
Ер нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийг хувийн хэвшилд хариуцуулах нь зөв үү, тэд үүнийг төрийн байгууллагынхнаас үр дүнтэй хийж чадах уу гэсэн асуултын хариу эргэлзээ дагуулж байна. Ойн салбарынхан, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг байгууллагууд лав тус зохицуулалтыг дуу нэгтэй дэмжиж байгаа аж. Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн аж ахуйн нэгжүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод нь ийм саналыг нийслэлд удаа дараа тавьж байсан гэх. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс ганц шаардлага тавьж буй нь сонгон шалгаруулалтыг нээлттэй, үнэн, зөв явуулах. “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын гишүүн, агротехнологич эмэгтэй “Сонгон шалгаруулалтыг будилаантуулчихаар төрийн ажил цалгарддаг, төсвийн хөрөнгө үрэн таран болдог. Тиймээс үүнийг журмын дагуу олон нийтэд нээлттэй, ил тод, шударга явуулаасай гэж хүсэж байна. Энэ зах зээл жижиг учраас аж ахуйн нэгжүүд нэгнийгээ, цэцэрлэгчид хэн нь хэн бэ гэдгээ сайн мэднэ. Тендерээ будилаангүй зохион байгуулаад, гүйцэтгүүлсэн ажлаа ил танилцуулдаг болчихвол цэцэрлэгчид аяндаа нэгнийгээ үнэлээд, хянаад явчихна. Өрсөлдөөн бий болж байгаа учраас дагаад хяналт бий болно. Энэ шийдвэрийг дэвшил гэж харж байна. Гурван жилээр гэрээ байгуулж буй нь зөв, эсэхэд эргэлзсэн. Үүнийгээ аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах зорилготой гэж тайлбарлана лээ. Уг нь сонгон шалгаруулалтаар хангалттай чадвартай, хамгийн сайн туршлагатай байгууллагуудыг тодруулж, ажлаа хийлгэнэ гэж ойлгоод буй” гэв. Харин хувиараа мод үржүүлдэг Б.Сайханцэцэг “Төр, хувийн хэвшлийн байгууллага аль нь ч бай хариуцлагатай ажиллах ёстой. Мэргэжлийн байгууллагынхан илүү чадвартай гээд ажиллуултал нөгөөдүүл нь сэтгэлгүй, хариуцлагагүй бол өмнөхөөс дээрдэхгүй” хэмээсэн нь голоо олсон үг санагдав.
Үнэхээр л хувийн хэвшлийнхэн мэргэжлийн ур чадвар, хариуцлагаараа ялгарахгүй бол ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах, хамгаалах ажил олигтой урагшлахгүй. Зарим мэргэжилтний хэлсэн шиг дэвшилттэй шийдвэр болж чадахгүй. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, ногоон байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал тун хэцүү буй. Хүртээмжээрээ ч, өнгө төрхийн хувьд ч тэр. Үүнийг нийслэлчүүд төдийгүй гадаадынхан хүртэл “анзаарчихсан” байна. Нийслэлийнхэн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор “Хотдоо ургуулъя” хөдөлгөөн өрнүүлж эхэлж буй энэ үедээ хувийн хэвшлийнхэнд ажлаа даалгах болсон нь нэг талаараа өөрсдийнхөө чадал чансааг хүлээн зөвшөөрсөн, нөгөөтээгүүр, хариуцлагаас бултах гэсэн оролдлого байж ч болзошгүй. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь мод, бутыг технологийн дагуу зөв тариагүй, ногоон байгууламжийг арчилж тордох, хэлбэржүүлэх нэрийдлээр хайр гамгүй тайрч, хяргасантай холбоотой шүүмжлэл, элдэв яриа жил жилийн хавар, намарт гардаг. Тэр болгонд нийслэлийн удирдлагын чихийг халууцуулдаг. Тэгвэл цаашдаа нийслэлийнхэн буруутгах хүнтэй, өгөх өөр хариулттай болж байх шиг.
Хотын ногоон байгууламж хариуцсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж, үнэлэхийг ахлах мэргэжилтэн Д.Сүхбатаас тодруулахад “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс тэдний ажлыг сар болгон хянаж, дүгнэнэ. Аж ахуйн нэгжүүд хуваарьт ажлаа стандартын дагуу гүйцэтгэсэн тохиолдолд л санхүүжилт олгоно” хэмээв. Бүр гэрээг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Төсвийн мөнгөөр хийлгэж буй ажил учраас хариуцлага, хяналтын тогтолцоо байх нь зүйн хэрэг. Харин үүнийгээ дорвитойхон шиг хэрэгжүүлж, эхнээс нь цэгцтэй, зөв замаар явуулах жишиг тогтоогоосой. Хувийн хэвшлийнхэнд итгэл хүлээлгэж, түншлэл тогтоох нэрийдлээр хяналтгүй “мөнгө тараадаг” тендерийн булхайг үргэлжлүүлэх вий. Тэгвэл мэргэжлийн гэх тодотголтой 20 байтугай 200 аж ахуйн нэгжид ч энэ ажлыг даатгаад нэмэргүй.
Ногоон байгууламжийг арчилж, хамгаалахад зарцуулдаг төсвийг жилээс жилд нэмсээр буй ч хаанаа ч хүрэлцдэггүйг мэргэжилтнүүд өгүүлж байна. Хамгийн анх 2013 онд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөж байсан ба үүнээс хойш бага багаар нэмсээр 2020 онд 10 тэрбум давуулж, өнөө жил 15.3 тэрбумыг хуваарилжээ. Нийтийн эзэмшлийн 135.4 га ногоон байгууламжийг арчлах, нэмж мод, бут, цэцэг тарихад зарцуулах тус мөнгөний 14.8 тэрбумаар аж ахуйн нэгжүүд, үлдсэнээр нь хот тохижилтынхон ажлаа гүйцэтгэх нь. Манай улс ногоон байгууламжаас зай талбай төдийгүй мөнгө ч харамласаар иржээ. Ийм байхад цементэн ширэнгэ болохоос яах вэ. Бодлого, төлөвлөлтийн гажуудлын улмаас үүссэн энэ алдаа дутагдлыг хувийн хэвшлийнхэн засаж залруулж, зөв голдиролд нь оруулж чадах болов уу.