“Эмэгтэйчүүдийн нүдээр асрахуйн эдийн засаг” чуулганыг “Монфемнэт үндэсний сүлжээ” ТББ болон эдийн засагчид хамтран өчигдөр зохион байгууллаа. Асрахуйн эдийн засаг буюу цалинтай, цалингүйгээр асрах ажил хийж буй хүмүүсийн 70 хувь нь эмэгтэйчүүд аж. Тэдний 71 хувь нь хүүхэд, 65 орчим хувь нь өндөр настан, өвчтэй хүмүүсийг асарч буй юм байна. Эмэгтэйчүүд сард 73.5 цагийг хүүхэд асрахад зориулдаг гэвэл багадаа 176 400 төгрөгөөр үнэлэгдэх хөдөлмөр гэнэ. Түүнчлэн цалин хөлсгүй ажлыг эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад гурав дахин их хийж байгаа бөгөөд 15-аас дээш насныхны цалин хөлсгүй ажлын мөнгөн дүн манай улсын ДНБ-ий 8.2-15.3 хувьтай тэнцэж буйг МУИС-ийнхан тооцжээ. Мөн бүх насны бүлэгт эрчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эмэгтэйчүүдийнхээс их, ялангуяа 25-39 насныханд хамгийн өндөр буюу 19.9- 30.4 нэгж хувийн зөрүүтэй байна гэв.
Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн орлогын тэгш бус байдлыг өсгөн, нийгэм, гэр бүлд сөрөг нөлөө үзүүлж, гэр бүл салах нэг шалтгаан болж байгааг дээрх чуулганд оролцогчид онцлов. Иймээс өрх гэр болон ажлын байран дахь жендерийн тэгш бус байдлыг бууруулахыг эрмэлзэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулахад анхаарах хэрэгтэй бөгөөд Монгол Улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшнийг 63.2 хувь хүртэл өсгөх боломж бүрдүүлэх учиртай аж. Улмаар хөдөлмөрийн насны нэг эмэгтэйд ногдох жилийн өсөлтийн түвшнийг 0.5 хувиар нэмэгдүүлбэл 30 жилийн хугацаанд ДНБ-ийг 16.1 хувиар мөн ахиулах боломж бүрдэх юм байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн асрахуйн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нийгэмд чиглүүлж, ажиллах хүчний оролцоон дахь түвшнийг ахиулбал өрх гэрт төдийгүй нийгэмд эерэг өөрчлөлт гарч, эдийн засаг чадамж дээшлэхийг дээрх чуулганы үеэр хөндөв.