Нью-Йорк хотын шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг сэтгүүлч Жан Кэрроллыг хүчиндэхийг завдсан хэрэгт буруутай гэж үзжээ. Энэ тухай CNN мэдээлэв.
Хэдий Жан Кэрролл төрийн тэргүүн асан 1996 оны хавар өөрийг нь хүчирхийлсэн гэж буруутгасан ч тангарагтны шүүх Трампыг хүчингийн хэрэг үйлдээгүй харин бэлгийн дарамт учруулсан хэмээн дүгнэсэн байна.
Шүүхээс Трампыг иргэний нэхэмжлэлийн дагуу дарамт үзүүлснийх нь төлөө хоёр сая долларын нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгов. Үүнээс гадна экс ерөнхийлөгч нэхэмжлэгчийн нэр төрийг гутаан доромжилсон гэж дахин гурван сая доллар төлөхөөр болжээ.
Трамп шүүхийн шийдвэрийн талаар "Truth Social" сайтад нийтэлсэн тайлбартаа "Шүүхийн шийдвэр бол гутамшиг. Бүх цаг үеийн хамгийн агуу “шулмын ан”-гийн үргэлжлэл байлаа" гэж бичжээ.
Кэрроллын хэргийн шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр эхэлсэн. Энэ нь 2024 онд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө хэдийн мэдэгдсэн Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр болов. Трамп өөртэй нь холбоотой ийм зарга нь улс төрийн хуйвалдаан гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан.
Трамп 1990-ээд онд Кэрролыг хүчиндэхийг завдсан гэж сэтгүүлч эмэгтэй 2019 онд гомдол гаргаж байсан. Харин улстөрч өөрөө үүнийг эрс няцааж, худал гэж мэдэгдсэн юм. Тэрээр Кэрролтой уулзаагүй гэдгээ баталж, өөрийг нь гүтгэн дайрснаар сэтгүүлч шинэ номоо зарах гэж байна гэж үзжээ . Үүний хариуд сэтгүүлч Трампыг нэр төрд нь халдсан хэмээн шүүхэд өгсөн байна. 2020 оны арванхоёрдугаар сард Трамп хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч 2021 оны есдүгээр сард Нью-Йоркийн шүүгч түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Есдүгээр сарын сүүлчээр Кэрроллын өмгөөлөгчид экс төрийн тэргүүний эсрэг шинэ хэргүүдийн талаар нэхэмжлэл гаргаж байгаагаа мэдэгдсэн юм.