Канадын эрх баригчид тус улсад суугаа Хятадын элчин сайдын ажилтан Жао Вэйг орон нутгийн парламентын гишүүнийг айлган сүрдүүлсэн хэрэгт сэжиглэн хөөн гаргах шийдвэр гаргажээ. Энэ тухай Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли мэдэгдэв.
"Бид дотоод хэрэгтээ гадны хөндлөнгийн оролцоог үл тэвчинэ гэдгээ тодорхой хэлсэн" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Жолигийн хэлснээр, Канадын Гадаад хэргийн яам өмнө нь тус улсад ажиллаж буй дипломат ажилтануудыг иймэрхүү үйл ажиллагаанд холбогдсон тохиолдолд "тэднийг гэр рүү нь бууцаана" гэж анхааруулжээ.
“The Globe and Mail” сонины мэдээлж буйгаар гэр бүл нь Хонконгод амьдардаг Канадын парламентын гишүүн Майкл Чонг айлган сүрдүүлэхэд Хятадын дипломат ажилтан оролцсон гэх Канадын тагнуулынхны мэдээлсний дагуу Хятадын Элчин сайдыг Гадаад хэргийн яаманд дуудсан байна.
2021 онд Канадын парламент Хятадын Уйгурын хүн амын одоогийн байдлыг геноцид гэж хүлээн зөвшөөрсний дараа Бээжин Майкл Чонгийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо өмнө нь хэлэхдээ, Хятад улс Канадын амьдралын янз бүрийн салбарт, тэр дундаа холбооны сонгуульд хөндлөнгөөс оролцохыг байнга оролддог гэжээ