Засгийн газар хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлийг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр шинэчлэн баталсан. Ингэхдээ дээд боловсролын тэргүүлэх чиглэлд 83, эрэлттэйд 38 мэргэжил багтаасан юм. Эдгээрийг “Алсын хараа-2050”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030” зэрэг бодлогын баримт бичиг, хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн чиглэлээр олон улсын байгууллагуудаас гаргасан тайлан, судалгаа, яамдаас ирүүлсэн саналд үндэслэн тогтоосныг БШУЯ-ны Дээд боловсролын газрын мэргэжилтэн дурдлаа. Дээд боловсролын тэргүүлэх чиглэлд уул уурхай, геологи, мэдээлэл, харилцаа холбоо, инженерийн үйлдвэрлэл, нано шинжлэх ухаан, биотехнологи, эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, ойн аж ахуй, барилга, архитектур, тээвэр, логистик, батлан хамгаалах, хөрс судлал, агрохими, ус хангамжийн салбарын мэргэжлүүдийг түлхүү багтаажээ. Харин эрэлттэйд боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэнд, хүнс үйлдвэрлэл, ойн аж ахуй, соёл, урлагийн чиглэлийн мэргэжил зонхилж байна. Эдгээр мэргэжил манай улсын хөдөлмөрийн зах зээлд өдгөө эрэлттэй, цаашид ч үнэ цэнтэйд тооцогдох нь.
Боловсрол, шинжлэх ухааны сайд “Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон” гэж сурталчилсаар байгаа ч энэ салбарт ажиллагсад “Гүйцэтгэлээр үнэлдэг болсноос харин ч багш нарт ажил, дарамт нэмэгдсэн. Хүн болгон ийм цалин авдаггүй” гэж сөргүүлж буй.
Засгийн газар болон холбогдох яамд хөдөлмөрийн зах зээл дэх эл эрэлтийг хангах чиглэлд бодлогын түвшинд хамтран ажиллах гэнэ. Гэвч өнгөрсөн жилүүдийн “туршлага”, одоогийн байр байдлаас харахад тэд энэ чиглэлээр үр дүнтэй ажиллаж чадах, эсэх нь тун бүрхэг.
Манай улс тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг дөрвөн жил тутам шинэчлэн баталсаар ирсэн. Үүний хэрээр өөрчлөлт, үр дүн гарсан уу гэвэл туйлын чамлалттай. Нийгмийн хандлага, залуучуудын мэргэжил сонголтод бодитоор нөлөөлсөн үү гэхээр бас л эргэлзээтэй. Дээд боловсролын сургалтын байгууллагууд давхцалтай хөтөлбөрөөр, хуульч, эдийн засагч, банк санхүү, олон улсын харилцаа, эрх зүй гэсэн хэдхэн чиглэлээр суралцагч элсүүлэхийн төлөө “тэмцэлддэг” хэвээр байна. Оюутан, залуус ч цаг үеийнхээ энэ туйлшралыг дагаж, сонголтоо буруу хийсээр. Үр дүнд нь хөдөлмөрийн зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, их, дээд сургуулиуд дахь нарийн, эрэлттэй мэргэжлийн хөтөлбөрүүд үнэгүйдэж, элсэгчдийнх нь тоо жилээс жилд цөөрөн, зарим тэнхим хаагдаж, багш нар нь ажилгүй болохдоо тулаад буй. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрүүдийн үр дүн өнгөрсөн хугацаанд хангалттай гараагүй гэсэн үг.
Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг баталсны дараа боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн чиглэлээр их, дээд сургуульд элсүүлэх суралцагчийн тоо, элсэлтийн босго оноог шинэчлэн тогтоодог. Түүнчлэн суралцагчдад төрөөс үзүүлэх дэмжлэг (гадаад, дотоодод суралцуулах зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж)-ийн аргачлалыг шинэчилдэг билээ. Өөрөөр хэлбэл, тухайн мэргэжлээр суралцах залуусыг дэмжих, тоог нь нэмэгдүүлэх үүднээс хөшүүрэг болгож ийм арга хэмжээ хэрэгжүүлдэг. Гэвч энэ нь төдийлөн нэмэртэй шийдэл байгаагүйг одоогийн нөхцөл байдал хангалттай айна. Тухайлбал, Боловсролын зээлийн сан тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцагсдыг сургалтын төлбөрийн зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжид хамруулсаар ирсэн. ЭЕШ-д 650-иас дээш оноо авсан, 2.8-аас дээш голчтой, дотоодын төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч бакалаврын түвшний оюутанд сургалтын төлбөрийн 70-100 хувийн буцалтгүй тусламж үзүүлэх зохицуулалтыг 2020 оноос хэрэгжүүлсэн.
Тэрчлэн төрийн болон хувийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагчаар элсэгчдийн босго оноог 501 болгож, голчийнх нь дунджийг 2.8-3 болгосон билээ. Гэвч эдгээр мэргэжлээр элсэгчдийн тоо гавьтай нэмэгдээгүйг статистик мэдээлэл харуулж байна. Харин ч салбарын хэмжээнд хүний нөөцийн асуудал улам хурцаар хөндөгдөх болов. Ийм байтал Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эрэлттэй зургаан мэргэжлээр оюутан элсүүлэх босго оноог 400-440 болгож бууруулах шийдвэр гаргачихлаа. Хичээл зүтгэл, сурлагаар тааруу сурагчдыг л “харж үзсэн” шийдвэр гэлтэй. ЭЕШ-ын босгоо дөнгөж давсан тааруу үнэлгээтэй суралцагчид Монголд нэн эрэлттэй байгаа багш, сувилагчаар суралцах, басхүү төрөөс дэмжлэг авах нөхцөл бүрдэх нь. Өнгөрсөн жилүүдэд бид “Хуульч, эдийн засагч л болж байвал учиртай” гэх харанхуй туйлшралаар улсынхаа хөгжлийг хойш чангаасан бол цаашдаа “Элсүүлж, сургаж л байвал хэн ч яах вэ” гэдэг энэ бодлогогүй бодлогынхоо горыг амсаж болзошгүй нөхцөл үүсэв. Элсэлтийн босго оноог нь бууруулсан зургаан мэргэжлийн тав нь боловсролын салбарт ажиллах, та, бидний үр хүүхдэд хичээл заах сурган хүмүүжүүлэгчид гэж бодохоор бүр ч эмзэглэмээр.
Засгийн газар нь “Багш, сувилагч, инженер шиг хэрэгтэй мэргэжил үгүй” гэж сүүлийн жилүүдэд тунхаглах шахам зарлаад байхад л энэ салбарт ажиллагсад нүүдлийн шувуу шиг “дайжсаар” буй нь төр эрэлттэй, тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдээ тэр хэмжээнд нь үнэлж чаддаггүйн илрэл юм. Эдгээр мэргэжлээр ажиллагсдын цалин, үнэлэмж, нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх орчин нөхцөлийг сайжруулахгүй л бол эрэлттэй, тэргүүлэх гэж хэчнээн удаа “өргөмжлөөд” ч, ЭЕШ-ын оноог шалд нь буулгаад ч нэмэргүй. Яг үнэндээ төгсөгчид “Нийгэмд эрэлттэй учраас энэ мэргэжлээр суръя” гэхээсээ арай илүү үнэлэмжтэй, цалин хангамжтайг нь бодолцож мэргэжлээ сонгодог шүү дээ. Шалгуурыг нь бууруулах замаар элсэгчдийг нэмэгдүүлнэ гэдэг маш гэнэн шийдвэр. Үүний оронд тэдний хөдөлмөрийг бодитой үнэлдэг тогтолцоо бүрдүүлэхэд анхаарвал илүү үр дүнтэй. Төрийн байгууллагад ажиллагсдын цалинг үр дүн, гүйцэтгэлд суурилан шинэчлэх, үндсэн цалин, бүтээмжийн урамшууллыг оновчтой болгох чиглэлд Засгийн газар онцгой анхаарч буйг Ерөнхий сайд хэлсэн. Хууль, эрх зүйн хүрээнд ч тодорхой зохицуулалт хийхээр төлөвлөж буй юм билээ. Үүнийгээ ажил хэрэг болгохдоо тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлтэйгээ уялдуулах хэрэгтэй. Өнгөрсөн оны хавраас эхлээд багш нарын цалинг гүйцэтгэлээр үнэлдэг системд шилжсэн.
Боловсрол, шинжлэх ухааны сайд “Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон” гэж сурталчилсаар байгаа ч энэ салбарт ажиллагсад “Гүйцэтгэлээр үнэлдэг болсноос харин ч багш нарт ажил, дарамт нэмэгдсэн. Хүн болгон ийм цалин авдаггүй” гэж сөргүүлж буй. Цалин хөлсний үнэлгээний тогтолцоог өөрчлөх ажлуудыг үүн шиг ор нэр төдий хийвэл дорвитой ахиц дэвшил гарахгүй. Түүнчлэн дээд боловсролын сургалтын байгууллагууд дахь хөтөлбөрийн давхцлыг арилгах нь үр дүнтэй. Ингэж байж оюутнуудыг мөнгө болгож хардаг, хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй мэргэжлээр жил бүр суралцагч элсүүлдэг сургуулиуд цэгцэрнэ. Зөвхөн эрэлттэй, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр гадаадад суралцагсдад зээл, тэтгэлэг олгоно гэх зохицуулалтыг хөрсөн дээр буулгах хэрэгтэй. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын шилдэг их, дээд сургуульд сурсан хүмүүсийн х нь нийгэмд төдийлөн ач холбогдолгүй, тэргүүлэх чиглэлийн бус мэргэжил эзэмшсэнийг нэгэн судлаач хэлсэн. Манай улс эрэлттэй, тэргүүлэх чиглэлийн гэж тодорхойлсон мэргэжлүүддээ хэр зэрэг ач холбогдол өгдгийг ганцхан баримтаар тодруулахад л ийм байна.
Эрэлттэй, тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг батлаад л орхидог энэ байдал хэвээр үргэлжилбэл манай улс ажиллах хүчний хомсдолд орж мэднэ. Тэргүүлэх болгож хөгжүүлэхээр зорьж буй салбаруудаа ч өөд нь татаж чадахгүй. Эл жагсаалтад орох мэргэжлийн тоо улам олширч магадгүй. Засгийн газар 2020 онд дээд боловсролын тэргүүлэх чиглэлийг батлахдаа боловсрол, соёл, урлаг, хүрээлэн буй орчин, инженерчлэл, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг 13 салбарын 37 мэргэжлийг жагсаалтад оруулж байв. Харин энэ удаа Монгол Улсыг хөгжүүлэхэд нэн шаардлагатай буюу тэргүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй гэсэн хоёр хэсэгт нийт 121 мэргэжлийг багтаажээ. Тодруулбал, өмнөхөөс 3.2 дахин олон мэргэжлийг үнэ цэнтэй хэмээн “өргөмжилсөн” гэсэн үг. Энэ тоо цаашид нэмэгдэх үү, хасагдах уу гэдэг нь төр хэр үр дүнтэй арга хэмжээ авч, зөв зохицуулалт хийхээс хамаарна.