БНСУ-ын Сөүл хотноо жил бүр болдог олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, яармаг өчигдөр эхэллээ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд манай улсаас нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Lets travel”, “Mongolian vision tours”, “Authentic tours”, “Birgatour”, “Great Mongolia tour”, “Uvs”, “Zaya travel”, “Рагуса тур” зэрэг тур оператор компанийн төлөөлөл оролцож, “Монголд зочлох жил” санаачилга, түүний хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Монгол, Солонгос улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа олон чиглэлээр өргөтгөөд буй. Тэгвэл тус үзэсгэлэн, яармаг хоёр орны тур операторуудад шинэ зах зээл, харилцаа тогтооход чухал ач холбогдолтой гэнэ. “Сөүлийн олон улсын аялал жуулчлалын экспо” нь Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн, Азидаа томоохонд тооцогддог арга хэмжээ аж. 38 дахь удаагийн үзэсгэлэнд 100 орны 50 мянга гаруй компани оролцож байна.