Монгол орны төвийн бүсийн зарим нутагт уржигдар зөөлөн бороо шивэрлээ. Хүмүүс энэ жилийн анхны бороо орлоо хэмээн гэгэлзээд, нэгэндээ сонин сайхан болгож яриад сүйд. “Одоо л урин цаг ирснийг мэдэрч байна”, “Хурмаст тэнгэр хураа хайрлах цаг нь болсон” гэхчлэн бичиж байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл аймагт цас орж, огцом хүйтэрсэн мэдээ дуулдав. Өчигдөр ихэнх нутгаар сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байлаа. Энэ сард цаг агаар ерөнхийдөө ийм тогтворгүй, таагүй байх нь.
...Уг тайланд үндэслэн гаргасан зөвлөмжид “Монгол орны баруун өмнөд хагаст агаарын температур олон жилийн дунджаас дулаан бөгөөд хур тунадас бага байх төлөвтэй тул дээрх бүс нутагт агаар, хөрс хэт халж, хуурайшилт болно. Үүнээс үүдэлтэй болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэжээ...
Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээнд “Нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрүү (хэлбэлзэл) ихтэй байх тул малчид, тариаланчдад хаврыг өнтэй давах арга хэмжээний бэлтгэлээ эртнээс базаахыг зөвлөж байна. Цаг агаарын богино хугацааны буюу 1-5 хоногийн мэдээг өдөр тутам авч, аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя” гэжээ. Тавдугаар сарын эхний арав хоногийн сүүлчээр ихэнх нутагт агаарын температур аажмаар дулаарах боловч дийлэнх өдөр сэрүүхэн, салхи шуургатай байх гэнэ. Сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, бороо холилдон орох нь. Ялангуяа нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй буй аж.
Өнгөрсөн оны тавдугаар сарын цаг агаарын мэдээллийг эргэн харахад ч энэ жилийнх шиг салхитай, бүүдгэр, тогтворгүй байжээ. Зуны эхэн сар (илүү сартай зун тохиосон) талдаа орсон үед ч цас, бороо холилдсон, зэврүүн, “олон ааштай” өдрүүд үргэлжилсээр байж. Үүнээс үүдээд хүмүүс зуны нарлаг өдрүүдийг одоогийнх шиг нэхэн санагалзаж, элдэв хошигнол яриа гаргаж байсан аж. Уг нь өдийд байгаль дэлхий “ногоон хүрэм”-ээ өмсөж, гол, мөрөн “мөсөн гоёл”-оо тайлан, цаг улирал уясдаг сан. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ уламжлал алдагдаж, байгаль дэлхий, тэнгэр хангай их л “ёозгүй” байх боллоо. Өдгөө гэхэд Монгол орны нийт нутгаар өвс ургамлын гарц тааруу, зарим томоохон гол, мөрний мөс бүрэн хайлаагүй, хахир уур амьсгал зонхилж байна. Цас ихтэй, хүнд өвлийг давж, хаврын хавсаргатай өдрүүдтэй нүүр тулсан малчид өвс ногоо элбэг, ган гачгаас хол зун болоосой гэж залбирч сууна. Хуурайшилт, хуй салхины аюул дор олон мянган га талбайгаа түймэрт хуйхлуулсан зүүн аймгийнхан цаг агаар тогтворжоосой, бороо хур ахиу ороосой хэмээн мөрөөсөх болжээ. Хаа сайгүй дулаан өдрүүд санагалзсан, зун шиг зун болоосой гэж харуулдсан хүмүүс. Харин зун хэзээ ирэх нь тодорхойгүй.
Зуны таатай уур амьсгалыг тухтайхан мэдэрч амжаагүй байтал намартай золгочихсон юм шиг санагдаж байсан уу. Зуны сарууд нүд ирмэхийн зуур өнгөрчихсөн юм шиг мэдрэгдэж байв уу. Тэгвэл энэ нь оргүй хоосон мэдрэмж биш бололтой. Байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр улирлын онцлог чанар, “хил хязгаар” алдагдаж, зун богиноссоныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Сономдагва хэвлэлд саяхан өгсөн ярилцлагадаа “Хавар, намрын улирлын үргэлжлэх хугацаа уртсаж, зун, өвлийнх богиноссон. Цаашид хавар, намар гэсэн хоёрхон улиралтай болох дүр зураг ажиглагдаж байна” хэмээн дурджээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөгөөр шороон шуурга, ган, зудын давтамж ойртсон, хэт халах, хүйтрэх үзэгдэл гаарсан, зунд хур тунадас ховордсон, бороо нэг орохоороо асар богино хугацаанд их хэмжээгээр цутгаж, үер усны гамшиг дагуулах болсныг хөнджээ. Зун яагаад хугацаандаа ирэхээ больсны, мөн юуны улмаас ингэтлээ өөрчлөгдсөний шалтгааныг судлаач шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ийнхүү тайлбарлажээ. Тэгвэл 2023 оны зун ямар байх вэ. Цаг уурчид хэрхэн шинжив.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс “Монгол орны 2023 оны дулааны улирлын төлөв” хэмээх урьдчилсан тайлан гаргажээ. Үүнд тэмдэглэснээр бол зуны саруудын ихэнх хугацаанд Монгол орны нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим болон түүнээс дулаан байх төлөвтэй гэнэ. Тухайлбал, зургадугаар сард Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нийт нутаг, Завханы баруун, Дорноговийн ихэнх, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх нь. Харин долдугаар сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорноговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр дунджаас дулаан, бусад бүсэд сэрүүн байх төлөв ажиглагджээ. Зуны сүүлчийн сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар харьцангуй дулаан, бусад хэсэгт дунджийн орчим байх шинжтэй гэнэ. Агаарын температурын мэдээллээс харахад Монгол орны баруун болон говийн аймгуудын нутгаар илүү дулаан байх төлөвтэй.
Хур тунадасны хувьд авч үзвэл олон жилийн дунджаас дулаан байна гэж шинжсэн дээрх аймгуудын нутагт зургаа, долдугаар сард бороо хур тун ховор орох нь. Бусад нутагт дунджийн орчим. Харин наймдугаар сард Өмнөговийн зүүн, Дундговь, Сүхбаатарын өмнөд, Дорноговийн ихэнх нутгаар бороо олон жилийн дунджаас ахиу орохоор байгаа аж. Уг тайланд үндэслэн гаргасан зөвлөмжид “Монгол орны баруун өмнөд хагаст агаарын температур олон жилийн дунджаас дулаан бөгөөд хур тунадас бага байх төлөвтэй тул дээрх бүс нутагт агаар, хөрс хэт халж, хуурайшилт болно. Үүнээс үүдэлтэй болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, баруун болон говийн бүсийн нутгуудад гангийн эрсдэл өндөр байж болзошгүй гэж үзжээ. Өнгөрсөн хоёр жилд баруун таван аймагт дараалан ган болсноос үүдэлтэйгээр өвөлжилт, хаваржилт хүндэрч, олон мянган мал хорогдон, бэлчээр нутаг, отрын бүс дэх малчдын тэмцэл ширүүссэн. Үүний уршгийг одоо ч амсаж буй. Тэгэхээр энэ зун баруун аймгуудад дахин ган гачиг болбол ирэх өвөл, хавар ч цаг хүндрэх эрсдэлтэй.
Дээр дурдсан тайлан бол маш ерөнхий мэдээлэлтэй буй. Агаарын температур болон хур тунадасны хэмжээг олон жилийн дундаж хэмээх хэмжүүртэй харьцуулсан.
Чухам хэдийнээс цаг агаар тогтворжиж, нийт нутгаар дулаарах, сүүлийн жилүүдэд зуны улиралд давтамж нь эрс ихэссэн хүчтэй шороон шуурга, усархаг аадар бороо ирэх саруудад хэр элбэг байх вэ гэх зэрэг хэрэгтэй, чухал мэдээлэл тэнд алга. Уг нь цаг уурын байгууллагынхан байгалийн аюулт болон гамшигт үзэгдэл, гангийн эрсдэлийн үнэлгээг аймаг тус бүрээр өдийд нарийвчлан гаргадаг.
Энэ ажил ямар шатандаа явааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлалын судалгааны хэлтсийнхнээс тодруулахад “Цаг агаарын урьдчилсан мэдээг богино болон урт хугацаагаар урьдчилж гаргадаг. Сар, улирлын прогнозыг ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн боловсруулдаг учир маш ерөнхий байдаг. Хамгийн бодитой, нарийвчлалтай нь богино хугацааных буюу цаг, хоногоор гаргасан мэдээ байдаг. Ийм зун болно гэж хэлэхэд эрт байна. Тун удахгүй зургаан сарын урьдчилсан мэдээг гаргана” гэсэн юм.
Ерөнхийд нь дүгнэвэл цаг уурын байгууллагынхан ирэх зун агаарын температур дунджийн түвшинд байна гэж урьдчилан дүгнэв. Харин судлаачид зуны улирал хавар, намарт шахагдаж, “алга болохдоо” тулаад буйг хөндөв. Одоогийн нөхцөл байдлаас харахад зун аажуу ирэх шинжтэй. Хавар уртсаж, зун аажуу ирсэн тохиолдолд хүчтэй салхи шуурга дэгдэх, аадар үе үе орох нь элбэг байдгийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, ОБЕГ хамтран хэрэгжүүлдэг “Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн тогтолцоог болгох нь” төслийнхөн баримтат кинондоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дурдсан байдаг. Тэгэхээр өмнөх жилийнх шиг гэнэтийн хавсаргатай, аадар бороотой, зарим үед хэт халж, хүйтэрсэн барьцгүй зун тохиож ч болзошгүй нь. Ер нь бид сүүлийн жилүүдэд зуны улиралд бишгүй хууртаж, “хулхидуулж” буй билээ.