Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан өчигдөр Сүхбаатарын талбайд МҮЭХ-ноос тайван жагсаал зохион байгууллаа. Жагсаалд эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Тэд “Монголд ажиллаж, амьдрахад хүндрэлтэй болоод байна. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт хяналтаас гарлаа. Гэтэл цалин хөлс огт нэмэгдсэнгүй. Үүнээс болоод манай улсын ажиллах хүч гадаад руу яваад эхэлсэн. Төр, засаг ард иргэдтэйгээ ойр ажиллаж чадахгүй байна” гэх зэргээр байр сууриа илэрхийллээ. Жагсагчид Төрийн ордныг тойрон алхаж, шаардлагыг нь хүлээн авахыг эрх баригчдаас шаардаж байв. МҮЭХ-ны ерөнхийлөгч Б.Эрдэнэбат “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 800 000 төгрөгт хүргэхийг төр, засаг, эрх баригчдаас шаардаж байна” хэмээн мэдэгдсэн.
Түүнчлэн ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид аймгийнхаа Партизаны талбайд цугларч, МҮЭХ-ныхны тайван жагсаалд нэгдэж буйгаа илэрхийлсэн байна. Тус чуулгын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ч.Энхтуул “Манай чуулгын бүх уран бүтээлч, ажилчин бүрэн бүрэлдэхүүнээрээ тайван жагсаалд нэгдлээ. Бидний тавьж буй үндсэн шаардлага бол цалинг 50 хувиас дээш хэмжээгээр нэмэгдүүлэх, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах юм. Мөн хүний нөөцийн дутагдлыг зөв бодлогоор шийдээч гэсэн шаардлага тавьж байна. Хэрэв ямар нэгэн шийдвэрт хүрэхгүй бол бид ажил хаяна” гэв.