21-р зууны тахал бол коронавирус биш харин илүүдэл жин, таргалалт гэж дэлхийн эмч нар нэгэн зэрэг дуугарч байна. Энэ өвчний аюул өвчтөнүүд биеийн байдлын талаараа ямар ч гомдол гаргадаггүй өөрөөр хэлбэл зовиур мэдэрдэггүйд оршино.
1975 оноос хойш дэлхийд хүн амын таргалалт гурав дахин нэмэгджээ. 2020 онд манай гаригийн 3 тэрбум орчим хүн илүүдэл жинтэй болжээ. 2035 он гэхэд энэ тоо 4 тэрбум болж өснө Дэлхийн таргалалтын холбоо таамаглаж байна.
Хамгийн аймшигтай нь жил ирэх тусам өвчин залуужиж байгаа явдал юм. 2019 онд 19-өөс доош насны 390 сая хүн илүүдэл өөхтэй гэж тэмдэглэжээ.
Илүүдэл жингийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаа нь бас энэ өвчин тахлын шинжтэй байгаагийн нэг илрэл. Харамсалтай нь дэлхий дээр энэ архаг өвчнийг хэрхэн эмчлэхийг эмч нар мэдэхгүй байна. Тэд зөвхөн өвчнийг түр зуур “намдааж” л байгаа аж.
Тарган хүмүүс эхэндээ гадаад төрх байдалдаа л сэтгэл дундуур байдаг. Гэтэл гол аюул нь элэг өөхөлж улмаар судаснууд хурдан хөгширч, зүрхний шигдээс, цус харвалт үүсэхэд хүргэдэг. Таргалалтаас болж амьдралын чанар мууддаг. Юуны түрүүнд эрт зөнөглөж , төрөл бүрийн хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөрсөнө.
Олон сая хүнийг зовоож буй гол асуулт бол энэ өвчинтэй хэрхэн тэмцэх вэ? Цорын ганц арга бол урьдчилан сэргийлэх явдал юм. Түүгээр ч барахгүй бүр өлгийтэй байхаасаа эхлэх хэрэгтэй.
Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар хүүхдийн илүүдэл жингийн шалтгаан нь мэдээж эхлээд удамшил, түүнчлэн нийгмийн хүчин зүйлүүдтэй холбоотой. Тухайлбал хооллох зуршил, түүний хүртээмж, төрөл, хоол хүнсээр шагнах их идлээ гэж магтах, зарим хоолыг хориглох, буруу боловсруулсан хоолны дэглэм г.м. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хоол тэжээлийн нормыг анхааралтай авч үзэх шаардлагатай .
Таргалалтад жендэрийн асуудал гэж байдаггүй. Гэхдээ статистик мэдээллээс харвал эмэгтэйчүүд таргалах явдал харьцангүй бага байдаг.
Хэдий тийм ч эр эм ялгаагүй жингээ хасахыг хүсдэг. 2022 онд дэлхий даяар нийт 250 тэрбум долларыг хоолны дэглэм барьж, жингээ хасахад зарцуулжээ.
Өнөөдөр хүмүүсийн жин нэмэгдэээгүй нэг цэг ч байхгүй. Тэр байтугай үргэлж өлсгөлөнд нэрвэгдэж байдаг Африкийн орнуудад ч гэсэн хоол тэжээлийн эмч, дотоод шүүрлийн эмч нарын өвчтөнүүдийн эзлэх хувь 24% -иар нэмэгдсэн байна.
АНУ, Латин Америкийн орнууд болон ОХУ таргалалтаараа бусад орноос дээгүүр байна.
Бригам Янгийн их сургуулийн профессор Ларри Такер хэлэхдээ "АНУ-д тархсан энэ тахал буурахгүй байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд жин нэмэх нь Америкийн насанд хүрсэн хүн амын хувьд ноцтой асуудал болоод байна. Таргалалтын тархалт 40 орчим хувиар, хүнд хэлбэр нь бараг хоёр дахин нэмэгдсэн” гэжээ.
АНУ-д хун амын таргалалтын шалтгаан нь удамшлын хүчин зүйл цонхилдог гэж үздэг. Гэтэл ч нэг логик асуулт гарч ирнэ. Одоогийн нөхцөл байдал тухайлбал 1985 оны /АНУ-ын аль ч мужид таргалалтын тархалт 14% -иас хэтрээгүй байхад/ статистик мэдээллээс яагаад ийм ялгаатай байна вэ?
Өнөөдөрийн байдлаар тус улсын 20 мужид илүүдэл жинтэй хүмүүсийн эзлэх хувь 30-35%, 14 мужид 35-40%, өөр хоёр мужид 45% -иас дээш байна. Энэ нь эдгээр мужуудын оршин суугчдын генетикийн бүтэц эрс өөрчлөгдөөгүй байхад шүү. Тэгэхээр шалтгаан нь өөр зүйлд байх нь. Давс, элсэн чихэр мөн худалдааны мэргэжилтнүүд бидний дайснууд.
Таргалалтын тахлын хамгийн эхний буруутан нь хүнсний үйлдвэрлэл юм. Сүүлийн жилүүдэд энэ салбар шоллон давс, элсэн чихэр, өөх тосны орцтой “сайхан амттай” бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн олон хүний амьдралыг хөнгөвчлөх боловч идэх зуршлыг их өдөөдөг бөгөөд суугаа хэв маягтай шууд холбоотой юм.
Үүнээс гадна сүүлийн 70 жилийн хугацаанд порцын хэмжээ маш их өссөн байна. Жишээлбэл, АНУ-д зөөлөн ундааны савны хэмжээ 0.2 литрээс 1.25 литр болж нэмэгдсэн байна. 2004 он гэхэд чихэрлэг ундаа нь Америкийн хүүхдүүдийн номер 1 илчлэгийн (11%) эх үүсвэр болжээ.
Хоёр дахь буруутан нь маркетинг юм. Зөвхөн АНУ-д л гэхэд хүнсний үйлдвэрүүд өөх тос, элсэн чихэр, давс ихтэй, тэжээллэг чанар багатай хоол хүнсийг дэмжихэд жил бүр 1.8 тэрбум доллар зарцуулдаг гэж таргалалтад гол анхаарлаа хандуулдаг Хүнсний бодлого, эрүүл мэндийн Rudd төв мэдэгджээ. Сурталчилгааны төсвийн дөнгөж 0.4 хувийг жимс, хүнсний ногоог сурталчлахад зориулдаг байна.
Олноороо таргалж байгаа явдалд ард ядуурал, орон гэргүй байдал, эдийн засгийн тэгш бус байдал гээд нийгмийн тааламжгүй нөхцөл байдал гарцаагүй нөлөөлдөг. Энэ нь илүүдэл жинтэй холбоотой янз бүрийн өвчний өсөлтөд нөлөөлж, цагаасаа эрт үхэхэд хүргэдэг.