Москва хотын Перовский дүүргийн шүүх цагдаагийн дэслэгч асан Сергей Веделд Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр долоон жилийн хорих ял оноосон тухай ТАСС мэдээлэв.
Ялтан Украины Буча дахь орос хэлтэй гэр бүлд өссөн байна. Тэрбээр цагдаагийн байгууллагад 20 гаруй жил жолооч, техникч болон бусад аж ахуйн ажил хийжээ.
Мөрдөн байцаалтын материалд дурдсанаар Ведел Орос-Украины дайн эхэлснээс хойш найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа утсаар ярих үеэрээ Оросын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар шүүмжлэлтэй хандаж, хуурамч мэдээ тараасан нь тогтоогджээ.
Энэ шалтгааны улмаас Веделийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд эдгээр ярианы бичлэг нотлох баримт болсон байна.
Шүүх түүнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 207.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "г" хэсэгт ("Улс төрийн үзэн ядалтаар ОХУ-ын Зэвсэгт хүчнийг ашиглан худал мэдээллийг олон нийтэд тараасан") гэм буруутай гэж үзжээ.
Мөн түүнийг дотоод албаны ахмад цолыг хүчингүй болгож, дөрвөн жил тус байгууллагад албан тушаал эрхлэх эрхийг нь хасчээ.
Ведел нь 2022 оны гуравдугаар сарын эхээр холбогдох хуулийг баталснаас хойш "хуурамч мэдээ" тараасан хэргээр баривчлагдсан анхны хүн юм.
Түүнийг 2022 оны гуравдугаар сарын 18-нд цагдан хорьжээ.