Францад суугаа Хятадын Элчин сайдын хэвлэлд өгсөн ярилцлага дэлхийд нилээдгүй шуугиан тариад байна.
Элчин сайд Лу Шае Францын LCI телевизийн сэтгүүлчийн “Крым аль улсын бзрэлдэхүүн бэ” гэсэн асуултад “Энэ нь асуудлын талаарх ойлголтоос шалтгаална. Түүх байгаа шүү дээ. Крым анх Оросын газар нутаг байсан. ЗХУ-ын үед Крымыг Украинд бэлгэлсэн хүн бол Хрущев” гэж хэлжээ.
Сэтгүүлч: “Уучлаарай, гэхдээ олон улсын эрх зүйн үүднээс Крым бол Украиных. Та энэ талаар маргаж болно. Гэхдээ энэ бол Украин."
Лу Шае:"Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан эдгээр орнууд нь тусгаар улсын статусыг тодорхойлсон олог улсын гэрээ хэлэлцээр байгуулаагүй тул олон улсын эрх зүйн хувьд үр ашигтай хүчин төгөлдөр статусгүй байна" хэмээн хариулжээ.
Энэ мэдэгдлийн дараа Францад суугаа Украины Элчин сайд Вадим Омельченко БНХАУ-ын Элчин сайд "газарзүйн мэдлэгийн талаар асуудалтай" эсвэл түүний мэдэгдэл нь НҮБ-ын Олон улсын хууль тогтоомж, зорилгын үндсэн дээр Украинд энх тайвныг тогтоох хүчин чармайлтын талаарх албан ёсны Бээжингийн байр суурьтай зөрчилдөж байна" гэж мэдэгджээ.
Мөн Балтийн орнууд ч дургүйцлээ илэрхийлж эхэлжээ. Эстони, Латвийн Гадаад хэргийн яам өөрийн улсад суугаа Хятадын дипломат төлөөлөгчдийг дуудсан бол Литвийн ГХЯ-ны тэргүүн Бээжингийн энхийг сахиулах үүрэгт барууныхан үл итгэлцэж байгаа талаар нэлээд урт мэдэгдэл хийв.
Бямба гарагт Францын Гадаад хэргийн яам дээрх мэдэгдлийг "санаа зовсон байдалтай анхааралдаа авлаа" гэж мэдэгдээд албан ёсны Бээжингээс байр сууриа тодруулахыг хүссэн байна.
1954 оны 2-р сард ЗХУ-ын эрх баригчид "Крымын бүс нутгийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс аас Зөвлөлт Социалист Украин Улсад шилжүүлэх тухай" тогтоол гаргасан. “Крымын бүс нутагийг Украины нутаг дэвсгэртэй ойртон таталцахыг мөн эдийн засаг, соёлын нягт харилцааг харгалзан үзсний үндсэн дээр” гэж зарлигт дурдсан байна.
1954 оны 4-р сарын 26-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн чуулган ЗСБНХОУлс болон ЗСБНУ-ын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүний талаархи үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг батлажээ. Крым хууль ёсоор Украины нэг хэсэг болсон байна.
ЗХУ задран унасны дараа Украин болон ОХУ нутаг дэвсгэрээ 1991 байдлаар хүлээн зөвшөөрсөн хэд хэдэн гэрээнд гарын үсэн зурсан.
2014 оны 3-р сарын 17-нд Оросын цэргүүд Крымд нэвтэрч, цэргийн болон засгийн газрын гол объектуудыг хяналтдаа авсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Крым улсыг тусгаар тогтносон улс болгон хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурсан юм.
Нэг өдрийн дараа Крымийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Крымыг Оросын нэг хэсэг хэмээн Венесуэл, Никарагуа, Сири, Афганистан, Хойд Солонгос, Куба зэрэг зургаан улс л албан ёсоор хүлээн зөвшөөрдөг.