Хартум хотод байсан Монголын хоёр иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09.00 цаг (Улаанбаатарын цагаар 15.00)-ийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар Суданы Порт Судан хот руу явсан гэнэ. Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очихоор байна. Иргэд Порт Судан хотод очсоны дараа эргэн мэдээлэх болно хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Эргэн сануулахад, Бүгд найрамдах Судан улсын үндэсний арми болон хагас цэрэгжсэн, хувийн эзэмшлийн Шуурхай дэмжих хүчний хооронд эрх мэдлийн төлөөх зэвсэгт мөргөлдөөн болж буй. Зэвсэгт мөргөлдөөн болж буй Суданы Хартум хотод манай улсын хоёр иргэн байгаа юм.
Ташрамд дурдахад, зэвсэгт мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн амь үрэгдэж, 1100 гаруй хүн шархадсан аж.