Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйн бизнес рүү малчид болон малд ойрхон өссөн хүмүүс гэхээсээ илүү хөдөө аж ахуйгаас тэс өөр ажил, мэргэжлийн залуус махны үхрийн аж ахуйд зоригтой хөрөнгө оруулах нь их болсон. Тэдний шантраагүй зүтгэсэн нь 10 гаруй жилийн дараа түрүүчээсээ үр дүнгээ үзэж, өнөөдөр бусдадаа махны үхрийн аж ахуй эрхлэхэд “Ийм зүйлд анхаарах хэрэгтэй. Би ингэж алдсан, оносон” гэдэг сургамж, туршлагаа бодитоор үзүүлж харуулахтай болжээ. Монголчуудын махны үхрийн аж ахуй сонирхсон нь хэдэн жилийн өмнөөс энэ чиглэлийн туршлага судлах гэж ганцхан Булган аймгийн Хутаг-Өндөр сумд үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсын иргэн Занаду Разорбекийг л хол, ойроос зорьдог байв. Тэгвэл өнөөдөр түүний өмнүүр орж туршлагаа өгүүлэх нэг бус фермерийг харах сайхан. Тэд монголчууддаа юугаа ч нуухгүй хэлж, зөвлөхийг хичээж буйг харах сайхан байлаа.
Сэлэнгэ аймгийн төвд анх удаа махны үхэр үржүүлэгч, сонирхогчдын зөвлөгөөн өнгөрсөн баасан гарагт боллоо. Газар тариалангийн бүсэд эрчимжсэн аж ахуй эрхэлнэ гэсэн төрийн бодлого байдаг ч нэг ч газар тариалангийн бүсэд өнөөдрийг хүртэл ганц ч удаа эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид чуулж байгаагүй юм. “Махны үхрийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Малзүйч, үржүүлэгчдийн холбоо, ХХААХҮЯ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, махны үхэр үржүүлэгч “Гацуурт”, “Газар агро” зэрэг компани хамтран зохион байгуулав. Зөвлөгөөнд оролцсон ХХААХҮЯ-ны ТНБДТ.Жамбалцэрэн “Зөвлөгөөнийг Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахтай уялдуулан, мөн энэ онд Монгол Улсад мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд мэргэжлийн холбоод, ТББ, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран хийж буй төлөвлөгөөт ажлуудын нэг” хэмээн онцлов.
Хамгийн сонирхолтой нь орон нутагт зохион байгуулах зөвлөгөөний зарыг сошиал сүлжээгээр түгээгээд тун удаагүй 500 гаруй оролцогч бүртгүүлж, зохион байгулагчид хурал хийх танхимынхаа багтаамжид захирагдаад бүртгэлийг наана нь хаахад хүрсэн байна. Энэ нь эрчимжсэн мал аж ахуйн ийм сургамж, туршлага ярьж зөвлөлдөх уулзалтыг аж ахуй эрхлэгч, фермер, малчид маш их хүсэн хүлээж байсан гэсэн үг. Зөвлөгөөнд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Архангай, Булган, Хөвсгөл зэрэг 14 аймаг, Улаанбаатараас оролцжээ.
Түүнчлэн зөвлөгөөний нэг онцлог нь манай хаа сайгүй болдог олон дарга нар индэрт заларч, илтгэл тавьж, яриад суух биш, дан үйлдвэрлэгчид цуглаж, үдээс өмнө часхийсэн хэдэн илтгэлээр нэгнийхээ алдаж, оносон туршлага, зөвлөмжийг сонсон, сонирхсон асуултаа тавьж, үдээс хойш Сэлэнгэ аймгийн махны үхрийн томоохон аж ахуйн нэгж болох “Гацуурт”, “Газар агро” компанийн фермтэй танилцаж, туршлага судалснаараа шинэлэг хийгээд онцлог байлаа. Зөвлөгөөнийг голлон зохион байгуулсан Малзүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр анхнаасаа илтгэгч нарт сэдвийг нь тодорхой хэлж, хурлын үеэр чиглүүлэгч хийх үеэрээ илтгэгч нарыг цагийг бариулж, хурлыг илүү дутуу зүйлгүй товчхон, тодорхой болгосон юм. Оролцогчид үдээс хойш Сэлэнгийн Цагааннуур, Зүүнбүрэн сумын хоёр фермтэй танилцах аялалтай байсан учраас тэр байх.
Эл зөвлөгөөний үеэр махны үхэр үржүүлэгч, сонирхогчдод тулгардаг олон асуудлыг тодорхой ярилцаж, нэг үгээр тэд бодит үнэнтэйгээ нүүр тулж, цаашид хэрхэх талаараа тодорхой бодолтой болсон болов уу. Учир нь, махны үхэр өсгөж үржүүлнэ гэдэг бэлчээрийн мал аж ахуйгаас өөр, өртөг зардал өндөртэй бизнес учраас хэн бүхний санаан зоргоороо хийчих зүйл биш. Хөрөнгө мөнгө олоод хэдэн үхэр худалдаж авлаа гэхэд малчин, бэлчээр, тэжээл, мал эмнэлгийн үйлчилгээ, үржил селекц гээд үүсгэн байгуулагчийн хувьд мэдэхгүй, чадахгүй олон асуудалтай тулгарч, байнгын толгойны өвчинтэй явдаг гэсэн үг. Тэгвэл уг зөвлөгөөнд оролцогчдын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонсоход “Шийдэхэд бэрх асуудлуудынхаа талаар бусдын алдаа, оноо, туршлагыг чихээрээ сонсож, цаашдаа хэрхэх талаар хатуу ч гэсэн үнэнийг мэдэж аваад буцаж буйдаа баяртай байна” хэмээн өгүүлэх нь цөөнгүй байлаа. Түүнчлэн хурлын үеэр илтгэл тавьсан Сэлэнгийн “Газар агро”, Төв аймгийн “Монголиан девелопмент солюшн”, Дорнодын “Дорнод фарм” компанийн захирлыг эс тооцвол оролцогчдын олонх нь малчид, махны үхэр сонирхогчид байсан. Гэхдээ тэр дунд “Хүчү агро” гэх мэт фермдээ махны үйлдвэр хүртэл байгуулаад, цогцолбороор нь бүтээж байгаа компани ч бий юм.
Зөвлөгөөний үеэр яригдсан асуудлуудыг тоймлоход бэлчээр, тэжээл, газрын асуудлаа шийдэх, их хэмжээний хөрөнгө зарж, өртөг шингээн үйлдвэрлэж буй махны борлуулалтаа хэрхэн хийх, малын өвчнөөс ангид байх буюу экспортод чиглэсэн үйл ажиллагаа явуулахын тулд хамгаалалттай аж ахуй байх, мал эмнэлгийн дэглэм бүхий эрүүл бүс байгуулах, махны салбарын кластерын хөгжил, экспорт, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын асуудлыг чухлаар авч үзсэн.
Монголчууд махны үхэр өсгөнө гээд үхрээ хамгийн түрүүнд худалдаж авдаг. Тэгвэл энэ хурал, танилцах аялалд оролцсоноор үхэр авах нь нэн тэргүүний ажил биш юм байна. Харин бэлчээр, тэжээлийн асуудлыг нэгдүгээрт авч хэрэгтэйг ойлгосон байх. Учир нь, зөвлөгөөнд илтгэл тавьсан компанийн захирлууд махны үхрийн аж ахуй эрхлэхэд гаргасан алдаа, оноогоо ярихдаа бэлчээрийн асуудлаа шийдээгүй бол махны үхрийн аж ахуй эрхлэх гэж бодоод ч хэрэггүйг онцолсон юм. Түүнчлэн махны үхэр өсгөхөд заавал малынхаа тэжээлийг тариалах талбайтай байх ёстой. Тариан талбайгүйгээсээ болоод маш их хөрөнгө үрэн таран хийж, алдаж байгааг илтгэгчид болон Малзүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн, Гавьяат мал зүйч Л.Эрхэмбаяр ч мөн оролцогчдод хатуу санууллаа.
Амжилт гаргаж яваа фермерүүдийн хувьд бусдадаа зөвлөхдөө өөрөө тариан талбайгүй бол газар тариалангийн компанитай хамтрагчтай болох хэрэгтэй гэсэн юм. Тиймээс махны үхрийн аж ахуй эрхлэхээр сэтгэл, зориг гаргаж, хөрөнгө оруулж буй иргэдийг тухайн сум, орон нутгийн засаг захиргаанаас газрын асуудлыг нь шийдэж өгөхөд анхаарч ажилламаар байгааг ч онцлон тэмдэглэж байлаа. Үүнтэй холбоотой өгүүлэхэд хуралд оролцогчдын дундаас газраа шийдэхгүйгээр Дорнодод 1000 үхэр худалдаж аваад, малчид дээр нь байлгаж байгаа хүнтэй ч таарсан юм. Махны үхрийг Монголын нөхцөлд тавдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1 хүртэл бэлчээрт, арваннэгдүгээр сараас тавдугаар сарын 20 хүртэл байран маллагаанд байлгаж хагас эрчимжсэн байдлаар эрхлэхээс өөр аргагүй гэдэг дээр хүмүүс санал нэгдэж байв.
Эрчимжсэн аж ахуй эрхлэхдээ хаана хаанаа сэтгэлгээндээ өөрчлөлт хийх шаардлагатайг Л.Эрхэмбаяр илтгэлдээ онцлов. Мөн фермийн аяллын үеэр оролцогчид малын арчилгаа маллагаан дээр зөвхөн байгалийн хадлан, худаг төдийхнийг шийдэх нь хангалттай биш юм байна. Заавал ногоон тэжээл тарьж тэжээх, хужир шүү, чулуун давснаас гадна импортын чанартай эрдэс тэжээл нэмэлтээр өгөх, хүйтэн ус өгч болохгүй зэрэг нь бараг бичигдээгүй хууль гэдгийг ойлгож авсан байх. Оролцогчид зөвлөгөөнд оролцсон ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэнгээс эрчимжсэн аж ахуйд бэлчээр, тэжээл бэлтгэх газрын асуудлыг шийдвэрлэхэд анхаарах хүсэлт тавьж байлаа.
Дараагийн анхаарал хандуулсан сэдвээр махны үхрийн аж ахуйг ганц ганцаараа биш, нэгдэн нийлж, кластераар хөгжүүлэх шаардлагатайг хэлж байсан юм. Махны үхрийн аж ахуй үржлийн үхэр өсгөдөг бол тэрийгээ л хийе. Фермерүүдээс махны өсвөр үхэр худалдаж аваад, бордож, махны үйлдвэр лүү нийлүүлэх нь дараагийн шатны бизнес эрхлэгчдийн ажил. Ингэж төрөлжих ёстой. Төрөлжилт бий болсноор үйлдвэрлэгчийн зардал буурах, хөдөлмөр хөнгөвчлөх, эдийн засгийн эргэлт сайжрах зэрэг давуу талтай аж. Мөн энэ үеэр зүй ёсоор хөндөгдсөн асуудал нь бэлчээрийн мал аж ахуйтай орны хувьд Монгол Улс малын өвчнөөс ангижрахад маш их хугацаа орох тул махны үхрийн аж ахуй эрхлэх бол хүссэн, хүсээгүй хамгаалалттай аж ахуй байгуулах, эрүүл бүс бий болгоход төр нь ч, хувийн хэвшил нь ч анхаарч, ажлаа шуурхайлах хэрэгтэй байна гэдгийг хэлэлцэв. Энэ үеэр ОУСК-ын“Монгол мах” төслийн удирдагч Д.Жигжидмаа хамгаалалттай аж ахуйн нэгж байгуулах чиглэлд тус төслийн зүгээс хийж байгаа ажлынхаа талаар ярьсан юм. Тэрбээр “Хамгаалалттай бүс байгуулах гэдэг бол газар нутгийн хувьд ч өргөн хэмжээний асуудал. Тиймээс төрийн зүгээс хийх ажил. Харин хамгаалалттай аж ахуйн нэгж байгуулж ажиллахад мөрдөх дүрмийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зааварчилгааны дагуу хийхээс гадна Монголын холбогдох хууль дүрэмтэй уялдуулж хийх юм. Хамгаалалттай аж ахуйн нэгжийг дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгааг импортлогч орны хяналтын байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэх ажлыг төрийн байгууллага хийх ёстой. Үүний тулд төрийн зүгээс аж ахуй дээр тусгай мал эмнэлэг ажиллуулж, хяналт мониторинг байнга хийнэ гэсэн үг. Ер нь хамгаалалттай аж ахуйн нэгж байгуулах нь хувийн хэвшлийн зүгээс өндөр сахилга бат, хөрөнгө оруулалт шаардана” гэв. Монголын махны үхрийн аж ахуй эрхлэгчдээс экспортод чиглэж том хөдлөх бол үүнийг хийхээс аргагүй болж байгаа гэсэн үг.
Мөн хурцаар яригдсан өөр нэг асуудал нь эрчимжсэн аж ахуйн нэгжээс гарч буй өндөр өртөг шингэсэн махыг хаана борлуулах талаар байв. Ийм үйлдвэрлэлийн мах бэлчээрийн монгол малын махтай үнээр дотоодын зах зээлд өрсөлдөх боломжгүй. Тиймээс экспортод чиглэхээс аргагүй. Л.Эрхэмбаяр “Монголын 3.4 сая хүн амын 3.2 сая нь бэлчээрийн малын махаа хэрэглэнэ. Нэмэлт тэжээлээр тэжээгээд, өртөг шингэсэн та, бидний бэлтгэх гээд байгаа зөөлөн, шүүслэг стэйкний зориулалттай махыг дотоодод сайндаа 200 мянган хүн хэрэглэнэ. Тэгэхээр яах юм, хаачих вэ. Гарц бол экспорт. Тиймээс бид экспорт хийхийн тулд дэлхийн стандарт, технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс аргагүй. Гэхдээ зорилго чинь монголчуудтайгаа өрсөлдөх бус, экспортолно гэдгийг сайн сана” гэв. Түүнчлэн тэрбээр “ХХААХҮЯ махны экспортын асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах хэрэгтэй. Яаманд махны экспорт хариуцсан ганц мэргэжилтэн байдаг. Тэр нь хаанаа ч хүрдэггүй. Тиймээсямар ч үед экспортын асуудалд анхаарал хандуулж, урд, хойд хөрш рүү манайх ийм зүйл шинээр хийлээ, хийх гэж байна гээд зогсоогүй ярьж ханддаг хүн байх ёстой” гэсэн санал дэвшүүлсэн юм.
Эцэст нь хэлэхэд, монголчууд махны үхэр үржүүлэх бизнес рүү хүчтэй орж эхэлжээ. Тэд газар нутаг, бэлчээр, тэжээлээ шийдэж чадвал бусдыг нь гоншигонохгүй хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Мөн алдаж байгаа зүйл дээрээ асууж сурах туршлагатай манлайлагчид нь ч бий болжээ. Тиймээс махны үхрийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжье гэвэл төр, засгийн зүгээс бэлчээр, тэжээлээ бэлтгэх газрын асуудлаа шийдэхэд нь түлхүү анхаарвал том дэмжлэг болох аж. Мэдээж сайн үүлдрийн үхэр импортлох, мал эмнэлэг, үржлийн ажлыг эрчимжүүлэх гээд төрийн оролцоо дэмжлэгтэй олон асуудал байх нь дамжиггүй. Бас байгалийн нөөцөө зөв ашиглаж, бэлчээрийн доройтлыг арилгах, нөхөн сэргээх асуудал хөдөө аж ахуйтай холбоотой хүн бүрийн анхаарах асуудал болчихоод байгааг ч дээрх зөвлөгөөнөөр олон хүн ярилаа. Махны үхэр үржүүлэгч, сонирхогчдын зөвлөгөөн маш амжилттай болж, газар газраас мэдээлэл авч, туршлага судлахаар ирсэн олон хүн олзтой буцсан гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн Малзүйч, үржүүлэгчдийн холбоо, ХХААХҮЯ-наас ирэх сарын дундуур Төв аймагт сүүний үхрийн аж ахуй эрхлэгчдийн, зургадугаар сард хонь, ямааных гээд намар болтол мал аж ахуйн зөвлөгөөнийг үргэлжлүүлэн хийхээ мэдэгдсэн таатай мэдээг дуулгая.
Бэлтгэсэн: И.Отгонжаргал