Өнгөрсөн намар АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Манхэттэн дүүргийн Хятад хороололд БНХАУ-ын цагдаагийн нууц постыг илрүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад түүнийг Хятадын тусгай албаныхан удирддаг байсан нь тогтоогдсон бөгөөд Хятад үндэстний хүн ам шигүү суурьшсан газар дэлхий даяар тархсан 100 гаруй ийм оффисын нэг нь байжээ.
Одоогоор АНУ-ын иргэншилтэй хоёр хятад хүнийг баривчлаад байгаа гэнэ.
61 настай Лу Жианван, 59 настай Чен Жинпин нар нь Манхэттэн дүүрэгт байрладаг нууц оффисоос удирддаг албан ёсны Бээжингийн ашиг сонирхлын дагуу янз бүрийн ажиллагаа явуулдаг байжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр ийм төрлийн цагдаагийн газар нь зөвхөн Нью-Йоркт үйл ажиллагаа явуулж зогсохгүй, Хятад үндэстний хооронд үүссэн мөргөлдөөнийг шийдвэрлэх, тагнуулын мэдээлэл цуглуулах, тэрс үзэлтнүүдийг тагнах зэрэг олон төрлийн чиг үүргийг гүйцэтгэдэг аж. Дэлхийн олон хотод Хятадаас ирсэн цагаачдын оршин суудаг хятад хорооллууд байдаг. Тэнд визны хугацаа нь дууссан, хууль бусаар оршин суугчид их.
Түүнчлэн Хятадаас ирсэн цагаачид бусад улсын иргэншлийг хүлээн авах дургүй байдаг, учир нь энэ тохиолдолд тэдний хятад паспорт хүчингүй болдог . Энэ бүхэн дээрхи нийгмийн давхаргыг хаалттай байдалд оруулж, тухайн их хотоос хараат бус байдалтай болгодог.
Прокурор Бреон Пийс уг хэргийн талаар тайлбар өгөхдөө Нью-Йоркоос олдсон энэхүү нууц цагдаагийн байгууллага нь "муу зорилготой" гэв.
Тэрээр хэлэхдээ, мөрдөн байцаалтын явцад Нью-Йоркт Хятадын "цагдаа нар" тэрс үзэлтнүүдийн нэгийг дагаж байсан гэх нотлох баримт байгаа ажээ.
"Америкийн нутаг дэвсгэр дээр АНУ-ын иргэнийг тагнасан нь АНУ-ын бүрэн эрхт байдлыг зөрчиж байна” тэрбээр мэдэгджээ.
Өмнө нь АНУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлснээр Хятадын хууль сахиулах байгууллагууд дэлхийн янз бүрийн улс оронд байдаг ч тэнд зөвхөн сайн дурынхан ажилладаг бөгөөд янз бүрийн үүссэн нөхцөл байдалд эх орон нэгтнүүддээ тусламж үзүүлдэг.