Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад энэ сарын 24-26-нд төрийн айлчлал хийнэ. Тус улсаас хамгийн сүүлд 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэх аж. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцах нь. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно. Үүнээс гадна Олон улсын авто тээврийн харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. А.Дуда 2015 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2020 оны сонгуулиар мөн ялалт байгуулсан юм.
Бэлтгэсэн: У.Наран