Энэ онд газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Үүний 120 тэрбум нь эргэлтийн хөрөнгийн, 232.6 тэрбум нь хөрөнгө оруулалтын зориулалттай аж. Эргэлтийн хөрөнгийн зээлээс үр тариа, төмс, тос, тэжээлийн ургамал тариалагчдад 90, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчдад 30 тэрбум төгрөг хуваарилах гэнэ. Тэгвэл хөрөнгө оруулалтын зориулалттай зээлээс газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 37, үр тарианы таримлын үтрэм байгуулахад 14.5, өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй барихад 50 тэрбум төгрөг зарцуулах нь. Мөн инженерийн хийцтэй услалтын систем байгуулахад 40.9, бүх төрлийн будаа, чихрийн манжин тариалах, усжуулахад 27.1, нийслэл, 21 аймагт төмс, хүнсний ногооны зоорины аж ахуй барихад 90 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай элит болон сортын үрээр тариалалт хийх боломж бүрдүүлэх зорилгоор дотоодын ургацаас 10.9 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн бөгөөд ХААДС-гаар дамжуулан манайд тариалж нутагшуулсан, бас хөрс, цаг уурын ижил төстэй нөхцөлд тариалан эрхэлдэг хойд хөршийн Алтайн хязгаараас 5.6 мянган тонн элит үр импортлох аж. Улмаар нийт 16.5 мянган тонн улаан буудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор шийдвэрлэснийг дурдлаа. Түүнчлэн хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшнийг сайжруулах, техник, технологийг шинэчлэх зорилгоор тухайн жилд худалдан авсан зориулалтын техникийн үнийн 50 хүртэлх хувийг ногоочдод буцаан олгоход зориулж дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг бий болгох, хөрсний үржил шимийг хамгаалах, шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид үнийн 30 хүртэлх хувийг татаас хэлбэрээр буцаан олгохоор төлөвлөж, шаардагдах 3.9 тэрбумы эх үүсвэрийг мөн шийдвэрлэсэн гэв.
Бэлтгэсэн: Б.Сонор