Ирэх тавдугаар сарын 30-наас эхлэн АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамж 160 ам.доллароос 185 болж нэмэгдэхийг Монгол Улс дахь ЭСЯ-наас нь мэдээлэв. Мөн өргөдөл дээр тулгуурласан (H, L, O, P, Q болон R) визийн хураамж 190 “ногоон”-оос 205 болж нэмэгдэх нь. Түүнчлэн Е визийн мэдүүлгийн хураамж 205 ам.доллароос 315 болж байгаа аж. Эл өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө визийн хураамжаа төлсөн, хүчинтэй хугацаа нь дуусаагүй төлбөрийн баримттай виз мэдүүлэгчид ярилцлагын цаг товлохын тулд нэмэлт хураамж төлөх шаардлагагүй гэнэ. Ярилцлагад орсон бөгөөд визийн мэдүүлгийг нь хянан шалгаж буй иргэд мөн нэмэлт хураамж төлөх шаардлагагүйг дурдлаа. Виз мэдүүлэх хураамжийг тухайн үйлчилгээг үзүүлэх зардалд үндэслэн тооцдог аж.
Бэлтгэсэн: Б.Сонор