ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2023 оны дөрөвдүгээр сарын 10, 11 өдрүүдэд шалгалт хийлээ.
Шалгалтыг тухайн байгууллагын хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр, өдөр тутмын харилцааг зохицуулж буй дүрэм журам, албан хаагчдын санал, хүсэлт, өргөдөл, гомдол гаргах боломж, түүний шийдвэрлэлтийн байдал, ажлын байрны тодорхойлолт, ажил албан тушаалын жагсаалт, хөдөлмөрийн норм, нормативтай танилцаж дүн шинжилгээ хийх, санал асуулга авах зэрэг аргыг ашиглан явууллаа. Улмаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны “Б” тушаалтай танилцаж, дүн шинжилгээ хийхэд тухайн онд гаргасан нийт тушаалын 31.8 хувь нь албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2022 оны “Б” тушаалд дүн шинжилгээ хийхэд нийт тушаалын 35 хувь нь мөн албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн тушаал байжээ.
Тухайн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, ярилцахад төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа ажилтнуудын олонх нь “цалин бага” гэсэн шалтгаанаар ахиу цалинтай ажилд орох, эсвэл гадаад улсад ажиллах зорилгоор өөрийн хүсэлтээр чөлөөлөгддөг.
Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр холбогдох хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй томилогдсон албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Орон нутагт төрийн захиргааны байгууллагад ажиллах хүний нөөцийн хомсдол үүсэж, албан тушаалын сул орон тоо нөхөгдөхгүй байгааг ярилцлагын үеэр хэллээ.