Колин Пауэлл НҮБ-ын Аюул гүйн зөвлөлд үг хэл ж байгаа нь 2003.2.5
20 жилийн өмнө, 2003 оны гуравдугаар сарын 20-ны өглөө эрт Америкийн цэрэг Багдад хотод далавчит пуужингаар цохилт өгч, тун удалгүй АНУ, Британи, Австрали, Польшийн хуурай замын хүчин Иракийн нутаг руу цөмрөн оров. Америкийн түүхэн дэх хамгийн маргаан дагуулсан дайнуудын нэг ингэж эхэлсэн юм. Дайны ажиллагаа эхлэх албан ёсны шалтгаан болсон үй олноор хөнөөх зэвсгийг Иракаас олоогүй ч АНУ босогчидтой цус асгаруулсан тэмцэл хэдэн жил хийсэн билээ.
Америкийн эрх баригчид, Иракийн Засгийн газар хоорондын зөрчил 1990-ээд оны турш үргэлжлэв. Персийн булангийн эхний дайны дараа эвлэрснээ АНУ үл хайхран Иракийн газар нутагт агаараас цохилт өгсөөр, эдийн засгийн хориг тавьсаар, курдийн хүн амыг хамгаалахын тулд нутгийнхнь умард хэсэгт онгоц нисэж үл болох бүс бий болголоо. Ингэхдээ Саддам Хусейнийг унагах хүсэлтэйгээ Вашингтон нуухгүй байв. Сөрөг хүчинд нь олон сая ам.доллар цутгаж, дэглэмийг нь өөрчлөх зорилготой Иракийг чөлөөлөх тухай хуулийг 1998 онд АНУ-ын Конгресс баталсан байлаа. Гэтэл хүү Жорж Буш 2000 онд Ерөнхийлөгч болсны дараа АНУ хүч хэрэглэхийг илүүд үзэх болжээ.
2002 оны нэгдүгээр сарын 29-нд Америкийн Ерөнхийлөгч Конгресст явуулсан илгээлтдээ “хорон санааны тэнхлэг буюу алан хядах ажиллагааг санхүүжүүлж, үй олноор хөнөөх зэвсэг бэлтгэдэг” гэх улсуудын бүлэгт Иракийг хамруулж байгаагаа мэдэгдэв. Иракийг “Аль-Кайда”-тай холбоотой, цөмийн хөтөлбөр хийгээд биологийн зэвсэг үйлдвэрлэлээ сэргээх зорилгоор хөнгөн цагаан хоолой худалдан авч байна” хэмээн Саддам Хусейний дэглэмийн эсрэг мэдээллийн кампаниа Америкийн эрх баригчид намар нь өрнүүлэв. Эдгээр хардлагын нэг нь ч хожим нотлогдоогүй ч Иракт үй олноор хөнөөх зэвсэг байгааг шударга байхын үүднээс Хусейн үгүйсгээгүй нь ийн хүлээн зөвшөөрснөөр америкчуудын довтолгоог зогсооно гэж тооцоолсон байж магадгүй юм.
2003 оны эх болоход хүү Ж.Буш Ирак руу довтлохоор нэгэнт шийдчихсэн, гэхдээ үүндээ олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авахыг хичээж байв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл хоёрдугаар сарын 5-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд үг хэлж Иракт үй олноор хөнөөх зэвсэг, ачааны машин болон галт тэргэнд байрлуулснаар НҮБ-ын шинжээчдээс нуухад амар болгосон тусгай био лаборатори бий хэмээн мэдэгджээ. “Энэ лабораториуд Персийн булангийн дайнаас өмнөх жилүүдэд үйлдвэрлэж байсантай тэнцэх хэмжээний хорт бодисыг хэдхэн сарын дотор бэлтгэж чадна” хэмээн тэрбээр хэлээд тэнд байсан хүмүүст нунтаг цагаан зүйл бүхий хуруун шил үзүүлжээ. Түүнийг Иракт бэлтгэсэн боом өвчин үүсгэгч биологийн хорт бодис гэх ойлголт өгсөн байна. Тэр хуруун шилэнд жинхэнэ хорт бодис байгаагүй нь хожим тодорхой болсон байдаг. Зөөврийн биолабораторийн талаарх мэдээлэл нь 2000 онд Германд очсон Иракийн урвагч Рафид Ахмед Альван аль-Янабигийн санаанаасаа зохиосон зүйл байсан аж. Тэрбээр 2011 онд сэтгүүлчдэд ярьснаар бол худлаа хэлээд ч болов Саддам Хусейнийг унагахад туслах гэж олдсон боломжийг ашигласан нь энэ байлаа. Хожим нь НҮБ-д хэлсэн үгийнхээ төлөө харамсаж буйгаа К.Пауэлл нэг бус удаа хэлдэг байсан ч өөрийнх нь толгойг эргүүлсэн хэмээн онцолсон юм. Персийн булангийн эхний дайнаас ялгаатай нь цэргийн тусгай ажиллагаа явуулах мандатыг НҮБ-аас Вашингтон авч чадсангүй. Түүнээс гадна Ирак руу довтлохоор зэхэж буйг эсэргүүцэн манай гариг даяар олон сая хүн 2003 оны хоёрдугаар сарын 15-нд жагсаал хийсэн түүхтэй. НАТО-гийн холбоотон Франц, Герман, Канадынхаазүгээс ч Вашингтон шүүмжлэл хүлээв. Хүүхдүүдтэйгээ хамт улс орноосоо 48 цагийн дотор гарч явахыг Саддам Хусейнээс хүү Ж.Буш гуравдугаар сарын 17-нд тулган шаардлаа. Иракийн удирдагч америкчуудын энэ заналхийлэлд итгэсэнгүй.
Байлдааны ажиллагаа эхлэхээс өмнөхөн гуравдугаар сарын 19-нд Америкийн нисэх хүчин Багдадын дагуул хот Дорад цохилт өгөв. Энд Хусейн хоёр хүүгийн хамт байж болзошгүй гэх мэдээлэл ТТГ нь өгсөн байж. Иракийн дэглэмийг толгойлогчгүй болгосноор өргөн хүрээтэй дайн хийлгүйгээр зорилгодоо хүрч болох юм гэж Вашингтон найдаж байсан юм санж. Гэтэл ТТГ-ын мэдээлэл бас л ташаа байж, агаарын довтолгоонд гэмгүй иргэд өртсөн юм. Тулган шаардсан хугацаа дуусаж АНУ, Британи, Австри, Польшийн довтолгоон эхэлж агаар, газраар цохилт өглөө.
Америкийн Батлан хамгаалах яамны Тагнуулын удирдах газар нь цэргүүддээ зориулж Иракийн генерал, хурандаа нарын зурагтай, нэр, албан тушаалыг нь бичсэн хөзөр хэвлэж байсан гэдэг. Саддам Хусейнийг гилийн тамга, хүү Кусей, Удей нарыг цэцэг, дөрвөлжингийн тамга, хувийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн үеэл ахыг бундангийн тамга болгосон байв. 2003 оны турш Америкийн цэргүүд “Иракийн толгой хөзөр”-үүдийн томоохон хэсгийг гартаа оруулж, амийг нь хороож чадсан юм.
Холбоотны хүчин ширүүн эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй хотуудыг тойрон, Багдад руу эрчтэй давшиж байлаа. “Иракийн эрх чөлөө” ажиллагааг эхлээд дөрөв хоноход Америкийн цэргүүд нийслэлээс 95 километр зайд байх ан-Нажафын дэргэд тулж очив. Довтолгоон эхэлснээс хойших хамгийн ширүүн тулалдаан гуравдугаар сарын 26- 27-нд энд болсон юм. Дөрөвдүгээр сарын 4-нд эвслийн хүчин Багдадын олон улсын нисэх онгоцны буудлыг хяналтдаа авснаар нийслэлийг нь эзлэх шийдвэрлэх байлдаан эхэлж, тав хоногийн дараа Багдад хотыг хамгаалж байсан гарнизон бууж өглөө. Хотод хууль бус үйлдэл, дээрэм тонуул газар авч, иракчууд болон гадаадын цэргийнхэн орд харш, Засгийн газрын байр, дэлгүүрүүд түүгээр ч барахгүй эмнэлгүүдийг ч тонож байсанюм. Саддам Хусейн хэдийн нийслэлийг орхисон, америк цэргүүд зарим ирак хүнтэй хамтарч түүний хөрөг, баримлуудыг устгаж эхлэв.
Ирак дахь байлдаан дууссаныг хүү Ж.Буш 2003 оны тавдугаар сарын 1-нд нисэх онгоц тээгч “Авраам Линкольн” хөлгийн тавцан дээрээс зарласан. Тактикийн үүднээс авч үзвэл энэ нь түүхэн дэх хамгийн амжилттай дууссан цэргийн ажиллагаа байв. АНУ, түүний холбоотнууд дайсныхаа үлэмж хүчийг ялж, хэдхэн долоо хоногт Иракийн нийслэл болон томоохон хотуудад нь хяналтаа тогтоосон юм. Энэ байлдаанд Америк 150 орчим хүнээ алджээ. Хусейний дэглэм ийнхүү унав. Харин дарангуйлагчийг өөрийг нь арванхоёрдугаар сард л баривчилж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэний нь төлөө гурван жилийн дараа 2006 оны арванхоёрдугаар сарын 30-нд цаазаар авсан. Гэхдээ устгах нь цэргийн ажиллагааны зорилго хэмээн мэдэгдээд байсан үй олноор хөнөөх зэвсэг Иракт байгааг нотлох баримт америкчууд олж чадаагүй юм. Хусейнийг “Аль-Кайда”-тай ямар нэг холбоотойг нотлох баримт ч бас олоогүй.
Цэргийн ажиллагаа дууссан ч дайн дөнгөж эхэлж байлаа. Ирак дахь эмх замбараагүй байдал зогссонгүй. Хоригт өртөж, нефть олборлож олсон бүх орлогоо Хусейн бодлогогүй зарцуулж байсан, удаа дараагийн дайны улмаас байдгаа шавхсан Иракийн эдийн засгийг Америкийн дайралт бүр тартагт нь тулгав. Тус улсад ядуурал, сүйрэл “цэцэглэх” боллоо.
Эзэлж авсан засаг захиргаа шийтийн дээд зиндааныхантай ходий байхаар шийдсэн нь Хусейний үед удирдах чиг үүрэгтэй байсан, эрх мэдлээсээ салахыг үл хүсэгч суннит цөөнхийн эрс дургүйцлийг хүргэжээ. Суннит, шийт, курдүүдийн дунд шашин хоорондын зөрчил хурцдаж, эзлэн түрэмгийлэгч хүчний эсрэг партизаны дайн жинхэнэ утгаар дүрэлзэв. Ирак дахь“Аль-Кайда”-гийн салбар ийн хууль бус байдлыг уухайлан далимдуулах болсонюм. Босогчдын болон исламыншашны бүлэглэлүүдийг дарахаар АНУ байдаг хүчээ дайчилж босогчдын тулгуур болж байсан Фаллужа хотыг 2004 оны намар холбоотнуудын цэрэг эзэлж авав. Тулалдаанд 1200 дайчин, 800 орчим энгийн иргэн амиа алдаж, мянга мянган барилга байшин, хэдэн арван сүм эвдэрч, сүйджээ.
2005 онд тус улсад олон намын парламентын анхны сонгууль болж түр Засгийн газар байгуулагдлаа. Гэлээ ч хүмүүсийн хүлээж байсан энх амгалан байдал бий болсонгүй. Шашин хоорондын зөрчил тэмцэл харин ч хурцдаж улмаар 2006 онд иргэний дайн гарав. Америкийн цэргүүд амиа алдах нь нэмэгдэж 2007 оны эх болоход 3000-дхүрсэн байна. Хүү Ж.Буш Ирак руу нэмж 20 мянган цэрэг илгээхээр шийджээ. Цус урсгасан дайн үргэлжилсээр 2007 онд Америкийн 899 цэргийн алба хаагч амь үрэгдсэн нь урьдах бүх жилийнхээс давсан тоо болов.
2008 оноос Иракийн байдал тогтворжиж эхэллээ. Энэ оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама Иракт байгаа Америкийн цэргийн тоог хорогдуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Өөрийн эзэлсэн газар нутагт тогтоосон хяналтаа АНУ орон нутгийн зэвсэгт хүчинд өгснөөр 2011 оны арваннэгдүгээр сард болоход Иракаас цэргээ гаргав.
Гэлээ ч дотоод улс төрийн тогтворгүй байдал, Америкийн цэргүүд гарч явснаа дараа бий болсон хоосон орон зай “Исламын улс” мэтийн алан хядагч бүлэглэлүүдэд үржил шимтэй хөрс нь болжээ. “Исламын улс” удалгүй Иракийн үлэмж хэсгийг эзэлж авсны дотор Мосул хот орсон байна. Иракт алан хядах ажиллагаа хэтэрснээс АНУ цэргээ Иракт дахин оруулахаас аргагүй боллоо. “Исламын улс”-ын эсрэг ажиллагаа албан ёсоор 2021 онд дууссан ч Америкийн цэргийн алба хаагчдын хэсэг нь цэргийн зааварлагч, зөвлөгч болж Иракт үлджээ.
Америкчуудын олонх нь эхлээд Ирак дахь дайныг дэмжиж байснаа уг үйл ажиллагаа сунжрах тусам, амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж байснаас олон нийтийн сэтгэл дундуур байдал улам ихсэж байлаа. Ирак руу хийсэн довтолгоон АНУ-ын аюулгүй байдалд хувь нэмэр оруулсан гэж америкчуудын ердөө 31 хувь нь одоо үзэх болжээ.
Энэ дайныг ямар зорилгоор өдөөсөн юм бэ гэх асуулт одоо хэр нь хариултгүй байна. Америкийн Дэд Ерөнхийлөгч байсан Дик Чейнийн шахалтаар тагнуулын байгууллага буруу мэдээлэл өгснөөс Иракт үй олноор хөнөөх зэвсэг байгаа гэдэгт АНУ итгэсэн байсан гэдэгт зарим ажиглагч үнэмшсэн бол Арабын ертөнцийн зүрхэнд богино хугацаанд шийдвэртэй ялалт байгуулах нь “хорон санаат” бусад улсад сургамж болно гэж Вашингтон тооцоолсон гэж нөгөө хэсэг нь үзэж байжээ. Ажиглагчдын гурав дахь хэсэг нь АНУ ердөө эдийн засгийн зорилт тавьж, Иракийн газрын тосонд хяналт тогтоож, доллароо дэлхийн нөөцийн валют байлгахыг хүссэн гэж боддог байж. Ямар ч байлаа гэсэн эхэндээ амжилттай байсан цэргийн ажиллагаа яваандаа Америкийн 4000 гаруй цэрэг, олон зуун мянга, зарим баримтаар нэг сая гаруй иракчуудын амийг авч одсон цус урсгасан сунжирсан дайн болж өргөжсөн юм. Дайн өдөөсөн Америкийн сэдэл үндэслэлгүй байсан, энгийн иргэдийн амийг олноор хөнөөсөн, америк цэргүүдийн эргэлзээтэйгээр барахгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, Абу-Грейбшоронд хүмүүсийг харгис хатуугаар тамласан зэрэг нь АНУ-ын нэр хүндэд ихээхэн хохирол учруулсан нь эргэлзээгүй. Одоо 20 жилийн дараа ч энэ дайн алдаа байсныг америкчууд улам бүр хүлээн зөвшөөрсөөр буй юм.
Бэлтгэсэн: Р.Жаргалант