Бен Ференц эхнэртэйгээ 1946 онд гэрлэсэн бөгөөд 73 жил ханилжээ. Гэргийгээ тэрбээр 2019 онд бурхны орон руу үджээ. Тэд дөрвөн хүүхэдтэй. Флоридагийн Бойнтон Бич дэх асрамжийн газарт 103 насандаа таалал төгссөн аавынхаа талаарх мэдээллийг түүний хүү нь хэвлэлд анх дамжуулсан аж.
Олон улсын цэргийн шүүхийн удирдлагад 1945 оны арваннэгдүгээр сараас 1946 оны аравдугаар сар хүртэл үргэлжилсэн Нюрнберг дэх шүүх хуралд Гитлерийн эсрэг эвслийн дөрвөн орны найман шүүгч, дөрвөн прокурор оролцжээ. Ташрамд өгүүлэхэд, 1939 оны есдүгээр сарын 1-нд фашистууд Польш руу довтолсноор эхэлсэн дэлхийн II дайнд 61 орон хамрагдаж, 60 сая гаруй хүн амь үрэгдсэн (олонх нь энгийн иргэд) бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн бусармаг аллага, туршилтуудыг нацистууд хийсэн.
Бен Ференц дэлхийн II дайны дараа дайны гэмт хэргийн мөрдөн байцаагчаас гадна нацист гэмт хэрэгтнүүдийн эсрэг явуулсан 12 шүүх хурлын нэг болох Айнзацгрупп (Аюулгүй байдлын цагдаагийн бүлэг буюу нацист Германы хагас цэрэгжүүлсэн үхлийн отрядууд. Бүрэлдэхүүнд нь Рейхсфюрер СС-ийн аюулгүй байдлын алба, Гестапо буюу төрийн нууц цагдаагийн алба зэрэг дөрвөн бүлэг байв. Европын орнууд болон Зөвлөлтийн нутаг дэвсгэрт энгийн иргэдийг устгаж байсан тэд “еврейн асуултын эцсийн шийдэлд” тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн)-ийн шүүх хуралд АНУ-ын армийн ерөнхий өмгөөлөгчөөр ажиллажээ.
Бенжамин Берелл Ференц 1920 оны гуравдугаар сарын 11-нд Унгарын Вант Улсын Трансильвани (одоогийн Румыний Сомкута Маре)-д төрсөн. Тухайн үед румынчуудын хавчлагын улмаас еврейчүүд АНУ руу олноор цагаачилсан бөгөөд Ференцийн эцэг, эх ч ийм шийдвэрт хүрчээ. Хүү нь 10 сартай байсан залуу гэр бүлийнхэн Нью-Йоркт, Манхэттений хэсэгт амьдрах болов. Улсын сургуульд орох хүртлээ зөвхөн идиш хэлээр ярьдаг байсан Бен хүү Нью-Йорк хотын коллежид суралцаж, эрүүгийн эрх зүйн чиглэлээр шалгалтаа амжилттай өгснөөр Харвардын Хуулийн сургуулийн тэтгэлэгт хамрагджээ. Харвардад алдарт хуульч Натан Роско Паундаар хичээл заалгаж, тухайн үед дайны гэмт хэргийн талаар ном бичиж байсан Шелдон Глактын судалгаанд оролцсон Ференц 1943 онд их сургуулиа төгсөөд, АНУ-ын армид элсэв. Хойд Каролина дахь Дэвис-Кэмпэд бичгийн машинч болсон цэрэг түүнийг 1944 онд зенитийн артиллерийн 115 дугаар дивизэд шилжүүлж, дараа жил нь генерал Жорж С.Паттоны гуравдугаар армийн штаб руу томилжээ. Тухайн үед Цэргийн гэмт хэрэгтэй тэмцэх анги шинээр байгуулж, энэ төрлийн гэмт хэргийн нотлох баримт цуглуулах үүрэг хүлээсэн тусгай бүлэгт түүнийг хуваарилав. Эл үүрэгт ажлын улмаас Ференцийг АНУ-ын армиас чөлөөлж, нацистын бөөнөөр хорих лагерьт ажиллуулжээ. Хүн төрөлхтний эсрэг үйлдсэн харгислалын нотлох баримтуудыг тус бүлгийнхэн цуглуулсан юм.
НЮРНБЕРГИЙН ШҮҮХ ХУРЛЫН ПРОКУРОР
1945 оны Зул сарын баяраар Бен Ференц түрүүч цолтой армиас халагдан Нью-Йоркт иржээ. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа алдарт хуульч Телфорд Тейлорын багийнхантай Нюрнбергийн шүүх хуралд оролцохоор болсон байна. Тейлор түүнийг Айнзацгруппийн хэргийн ахлах прокуророор томилов. Энэ бол түүний анхны “хэрэг” байлаа. Нацист гэмт хэрэгтнүүдийн толгойлогчдыг цаазын тавцанд илгээсэн үйл явц дуусахад Ференц 27 насаа “угтжээ”. Эл шүүх хурлын 22 шүүгдэгч бүгд ял авсны 13 нь дээд хэмжээгээр шийтгүүлж, дөрвийг нь цаазалсан байна. Энэ нь Германы нутаг дэвсгэр болон Холбооны Бүгд Найрамдах Улсад гүйцэтгэсэн сүүлчийн цаазын ял байжээ.
Нюрнбергийн шүүх хурлын дараа Бен Ференц 1946 онд эхнэр Гертрудтайгаа Германд үлдсэн нь учиртай. Тэрбээр Курт Мэй (1988 онд 91 настайдаа тэтгэвэрт гарах хүртлээ нацизмын хохирогчдод тусламж үзүүлж, нөхөн төлбөр олгох ажилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн) нарын хүнтэй хамтран нацистын хэлмэгдүүлэлтийн хохирогчдод нөхөн олговор олгох, нөхөн сэргээх хөтөлбөрүүд бий болгосон аж. Үүний зэрэгцээ 1952 онд Израил, Баруун Германы хооронд нөхөн төлбөрийн гэрээ байгуулах хэлэлцээрт, 1953 онд Германы анхны Нөхөн төлбөрийн тухай хууль боловсруулахад оролцсон байна. Бен Ференцийнх 1956 онд дөрвөн хүүхдийнхээ хамт АНУ руу буцжээ. Тэнд Телфорд Тейлорын хамт хуулийн хувийн фирм байгуулж, “Флик” (Фридрих Флик дайны гэмт хэрэгтэн, нацистын хөдөлгөөнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Германы анхны магнат) концерныэсрэг албадан хөдөлмөр эрхэлж буй еврейчүүдийн нэхэмжлэлийн дагуу мөрдлөг явуулсан аж. Эл хэргийг судалж байхдаа Ференц түүх, сэтгэл судлалын сонирхолтой үзэгдэл, тухайлбал, гэмт хэрэгтэн өөрийгөө ихэвчлэн хохирогч гэж тооцдог болохыг анзаарч, лавшруулан судалсан байна.
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАХАД ОРОЛЦОВ
Дэлхийн II дайнаас 13 жилийн дараа цэнхэр гаргийнхныг донсолгосон бас нэгэн цуст үйл явдал болсон нь Вьетнамын дайн. Бен Ференц хуулийн фирмээ орхиж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийн дэлхийн дээд шүүх болох Олон улсын эрүүгийн шүүх байгуулах ажилд оржээ. Эл сэдвээр хэд хэдэн ном хэвлүүлсэн тэрбээр 1975 онд “Олон улсын түрэмгийллийн тодорхойлолт-Дэлхийн энх тайвныг эрэлхийлэх нь” анхны бүтээлдээ олон улсын шүүх байгуулахыг дэмжих талаар дурдсан байдаг. Олон улсын эрүүгийн шүүх байгуулах ажил нь нэлээд хожуу буюу 2002 оны долдугаар сарын 1-нд биеллээ олжээ. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсноор Бен Ференц нарын мэргэжилтний зүтгэл амжилтад хүрсэн нь энэ юм. Жорж Бушийн засаг захиргааны үед АНУ үүний гэрээнд гарын үсэг зурсан боловч соёрхон батлаагүй бөгөөд Америкийн иргэдийг эрүүгийн хариуцлагад татах боломжийг үгүйсгэсэн хэд хэдэн гэрээ байгуулжээ. Үүнийг Ференц удаа дараа эсэргүүцэж, 2006 онд нэг ярилцлагадаа “Саддам Хусейнийг төдийгүй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Иракт дайн эхлүүлсэн Жорж Бушийг ч шүүхэд өгөх ёстой” хэмээсэн байна. Ингээд Жорж Бушийг Иракийн дайнтай холбоотой “269 дайны гэмт хэрэг үйлдсэн” хэргээр Олон улсын эрүүгийн шүүхэд өгөхийг санал болгожээ. Түүгээр зогсохгүй 2013 онд тэрбээр “Улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд зэвсэгт хүчин ашиглахыг олон улсын болон үндэсний гэмт хэрэгт тооцох ёстой” гэж дахин мэдэгдэж “бөмбөг тэсэлсэн” гэдэг.
ШУДАРГА ЁСНЫ ДУУ ХООЛОЙ
1985-1996 онд Нью-Йорк дахь Пэйсийн их сургуульд олон улсын эрх зүйн дэд профессороор ажилласан, Европын соёл, нийгэм, нийгмийн шинжлэх ухаанд онцгой хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагуудад олгодог Эразмагийн шагналыг Бен Ференц 2009 онд Италийн шүүгч Антонио Кассезегийн хамт хүртсэн. 2011 оны тавдугаар сарын 3-нд буюу Осама бин Ладеныг устгасан талаар мэдээлснээс хоёр хоногийн дараа “Нью-Йорк таймс”-т илгээсэн захидалдаа тэрбээр “Хууль бус, үндэслэлгүйгээр цаазаар авах ажиллагаа, тэр ч байтуай хоморголон хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүс ч ардчиллыг сүйрүүлж байна” хэмээснийг тухайн сонин онцлон нийтэлсэн аж.
2012 онд Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүх Конго улсын босогчдын удирдагч асан Томас Лубанга Диилогт 14 жилийн хорих ял оноосон. Уг шүүх хуралд эцсийн үг хэлсэн Бен Ференц “Олон улсын эрүүгийн шүүхээс Томас Лубангаг ялласан нь олон улсын эрүүгийн эрх зүйн хөгжлийн чухал үйл явдал” хэмээжээ.
2017 онд Нидерландын Гаага хотын захиргаа Энх тайвны ордны дэргэдэх явган хүний замыг “Бенжамин Ференцийн зам” хэмээн албан ёсоор нэрлээд, түүнийг “Олон улсын шударга ёсны удирдагчдын нэг” гэж тодотгосон байдаг. 2018 онд Барри Авричийн найруулсан, еврей “хүү” Ференцийн тухай баримтат кино “Netflix”-т тавигдсан бол дараа жил нь Израил, Америкийн зураач, уран барималч Яаков Хеллер түүнд зориулан цээж баримлыг нь урлажээ. 2021 оны зургадугаар сард Лихтенштайны Вант Улсын Энх тайвны шагналын анхны эзнээр тодорсон Бен Ференц өнгөрсөн онд Конгрессын алтан медалиар шагнуулжээ. Энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн Дэвид Вилкинсоны “Аллагын төлөөх шийтгэлээс зугт” баримтат киноны гол баатар нь Ференц юм.
Бен Ференц эхнэртэйгээ 1946 онд гэрлэсэн бөгөөд 73 жил ханилжээ. Гэргийгээ тэрбээр 2019 онд бурхны орон руу үджээ. Тэд дөрвөн хүүхэдтэй. Флоридагийн Бойнтон Бич дэх асрамжийн газарт 103 насандаа таалал төгссөн аавынхаа талаарх мэдээллийг түүний хүү нь хэвлэлд анх дамжуулсан аж.
“ҮГЭЭР ИЛЭРХИЙЛЭХИЙН АРГАГҮЙ АЙМШИГ”
Бен Ференц нацистын бөөнөөр хорих лагерьт очиж, нөхцөл байдлыг баримтжуулж, амьд үлдсэн хүмүүстэй ярилцсан талаараа ийнхүү дурссан байдаг. “Үхсэн хүмүүсийг сойз шиг овоолсон байлаа”, “Цусан суулга, хижиг, сүрьеэ, уушгины хатгалгаа болон бусад өвчнөөр өвчилсөн, бөөсөнд бариулан нааран дээр тонгочих “араг яснууд”, зарим нь зүгээр л газар ширтэж, зарим нь аврал, тусламж гуйсан нүдээр дагуулан харна” зэргээр хоригдлуудын талаар дүрслэн бичсэн тэрбээр Германы хамгийн том хуарангийн нэг Бухенвальдыг “Үгээр илэрхийлэх аргагүй аймшиг” гэж тодорхойлжээ.
“Дайны гэмт хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа маш их цочирдсон. Би тэндхийн нарийн ширийн зүйлийн талаар ярихгүй, бодохгүй байхыг хичээдэг” гэж дурссан тэрбээр “Одоо ч нүдээ анихад аймшигт явдлууд харагддаг. Шатаж буй цогцсууд, шатаахаар овоолсон хэрзгэр яснууд, би тамыг харсан. Бодохоос ч аймаар” гэж нацистуудын яргаллын талаар Нюрнбергийн сүүлчийн прокурор Бен Ференц ярьсан тухай Филип Гутийн “Зууны гэрч. Бен Ференц-энх тайвны хамгаалагч, Нюрнбергийн шүүх хурлын сүүлчийн амьд оролцогч” номд өгүүлсэн нь бий.
Бэлтгэсэн: Э.Хана