Унгар Улсын ЭСЯ-ны төлөөлөгчдийг ХХААХҮ-ийн сайдын зөвлөх хүлээн авч уулзан, зарим ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцжээ. Үүнд Унгарын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрт Монголыг хамруулах (манай улс анх удаа хамрагдах гэж буй), 5-10 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд Европын стандартыг бүрэн хангасан тахиа, өндөгний цогц аж ахуй, үйлдвэрийг Монголд байгуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд тахианы мах, өндөгний импортыг орлох, хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллахаар тохиролцсон аж. Тухайлбал, тус улсын Засгийн газрын тэтгэлгээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх бүх түвшний сургалтын хөтөлбөрт жил бүр 10-20 мэргэжилтэн, оюутныг хамруулахаар тохиролцсон байна. Мөн Унгар Улсаас эл салбарт мэргэшсэн багш урихаар болжээ. Түүнчлэн ХХААХҮЯ, Унгар Улсын Хөдөө аж ахуйн яам хооронд санамж бичиг байгуулах, хоёр талт хамтын ажиллагааны талаар сайд нарын түвшний цахим хурлыг ойрын хугацаанд зохион байгуулах гэнэ. Сонирхуулахад, хоёр улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын бизнес форумыг энэ сарын 20-нд цахимаар зохион байгуулах нь.
Бэлтгэсэн: Ц.Ундрал