Зохистой хөдөлмөрийн хөтөлбөр /2023-2027 он/, 2023 онд хэрэгжүүлэх Албадан хөдөлмөрийг устгах тухай, Албан бус эдийн засгийг албажуулах төслүүдийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран зохион байгуулсан эл хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли нар нээлтийн үг хэлж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн Үндэсний хорооны гишүүд, холбогдох албаны хүмүүс оролцжээ.
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлснээр албан эдийн засагт шилжих, хөдөлмөрийн бүтээмжтэй, чанартай эрүүл, аюулгүй ажлын байр, ногоон ажлын байр бий болгоход хувь нэмрээ оруулж, ажилтнуудын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцсэн үр ашигтай тогтолцоо бүрдэх бөгөөд хэрэгжилтэд гурван талт түншлэлийн харилцаа чухал үр дүнтэйг онцоллоо.
Монгол Улс Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас батлан гаргасан суурь конвенциудаас 9 конвенцид нэгдэн орсон бөгөөд цаашид ч Засгийн газраас хүний хөдөлмөрлөх эрхийг хангах, олон улсын конвенц, зөвлөмжид шинээр нэгдэн орох асуудлыг анхаарч үзэж байна.
Албан бус эдийн засгийг албажуулах, ажиллагчдын бүртгэл, мэдээллийг бий болгох, албан эдийн засгийн салбарт шилжихийг дэмжсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд ОУХБ-тай ХНХЯ хамтран ажиллана. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар уулзалтыг хааж хэлсэн үгэндээ Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэлхийн санаачилгыг Монгол Улс дэмжин ажиллаж байгаагаа тэмдэглэв.