Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд төрийн эрх бүхий байгууллагуудаас хяналт тавьж, зохицуулах журамтай. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын нягтрал, эрэлт хэрэгцээ, шаардлагыг харгалзан нийслэлийн Засаг дарга баталдаг аж. Үүний хүрээнд нийслэлийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг шинэчлэн батлах төслийн санал асуулгыг авч эхэлсэн байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэцэцэгээс энэ талаар тодруулахад “Зарим хуулийг шинэчилсэнтэй холбоотойгоор худалдаа, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Тухайлбал, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм. Мөн цахим тоглоомын газар, томоохон зах, худалдааны төвүүдийг ч хамруулж буй. Жишээ нь, баар, ресторанууд 05.00 цаг хүртэл ажилладаг. Тэгвэл дээрх хуулийн шинэчилсэн найруулгад 04.00 цаг хүртэл ажиллуулахаар заасан” гэв. Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал асуулгыг нэг сарын хугацаанд явуулах бөгөөд үүнд иргэдээс гадна аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулж байгаа аж. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг санал хураалтад идэвхтэй оролцохыг Д.Эрдэнэцэцэг уриаллаа.
Бэлтгэсэн: Ю.Төгс