БШУЯ-нд багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар өмнө нь хэд хэдэн удаа албан бичиг хүргүүлсэн ч дорвитой арга хэмжээ авахгүй байгааг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл мэдээлэв. Тэрбээр Сүхбаатарын талбайд өчигдөр хоёр дахь өдрөө суулт зарласан юм. Багш, ажилтнуудын цалин маш бага бөгөөд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэх болсон энэ үед тэд амьдрахад нэнхүнд болсон талаар тэрбээрхэлсэнюм. Улмаар багш нар ажлаасаа гарах нь олширч, боловсролын салбар хүний нөөцийн дутагдалд орох эрсдэл үүссэнийг онцоллоо. Суулт зарласнаас хойш холбогдох байгууллагынхан түүнтэй уулзсан, эсэхийг тодруулахад З.Цогтгэрэл “Багш, ажилтнуудыг төлөөлөөд би ганцаараа сууж байгаа. Өнгөрөгч долоо хоногт жагсаал хийх албан бичиг Сүхбаатар дүүрэг болон нийслэлийн ЗДТГ-т өгсөн боловч хариу ирүүлээгүй. Ирэх жилийн төсөвт багш, ажилтнуудын суурь цалинг нэмж оруулъя. Цалингийн хэмжээг инфляцтай уялдуулан тогтоохоос гадна индексжүүлмээр байна. 21 аймаг дахь үйлдвэрчний эвлэлийн холбоодын дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон болон бүх багш үүнийг дэмжсэн. Багшийн цалин өдгөө дунджаар 1.3 сая төгрөг. Шинэ багш нарынх 850 000 төгрөг байна. Гэтэл салбарын сайд багшийн цалин хамгийн багадаа 1.6-2 сая төгрөг хэмээн ярьж, олон нийтэд буруу мэдээлэл өгөх боллоо. Ийм хэмжээний цалин авдаг нь боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын хоёр хувийг л эзэлнэ. Олон жил ажилласан, бүх нэмэгдлээ авсан тохиолдолд л цалингийн хэмжээ сайдын хэлсэн шиг болдог гэсэн үг. Гэтэл өдгөө багш нарын бараг 70 хувь нь ямар ч нэмэгдэлгүй цалин авдаг. Тиймээс цаашид багшийн цалинг нэмэгдүүлэхийн төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ” гэв.
Бэлтгэсэн: Ж.Бурмаа