Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр энэ сарын 28-нд тохионо. Энэ жил үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг эрүүл аюулгүй, ажил бидний суурь эрх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Улмаар дээрх өдрийг угтан сарын аян эхлүүллээ. Сарын аяны нээлт 2023 оны дөрөвдүгээр сарын 4 буюу өнөөдөр МҮЭСТО-д болно. Өнөө жил иргэд компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах дүрмээ тэр бүр гаргадаггүй, ажилтнууд ч мөрдөж хэвшээгүйг онцолж байна.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2011 оноос хойш тус өдрийг угтан дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн сар болгон тэмдэглэж ирсэн.