“Аlibaba”-гийн үүсгэн байгуулагч Жэк Ма жил гаруйн хугацаанд гадаадад ажиллаад Хятадад буцаж ирлээ. Энэ тухай даваа гарагт “South China Morning Post” сонин эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Тус хэвлэлд бичсэнээр Жэк Ма Алибаба крмпанийн төв байр байрладаг Ханжоу хотод (зүүн Жэжян муж) өөрийн үүсгэн байгуулсан сургуульд зочилсон байна. Тэрээр тус сургуулийн багш, сурагчидтай уулзахдаа сургалтын хөтөлбөр, хиймэл оюун ухаантай чатботуудын шинэлэг технологийн талаар ярилцжээ.
Жэк Ма 2013 онд компанийхаа гүйцэтгэх захирлын албан тушаалаа, 2019 онд ТУЗ-ийн даргын албан тушаалаа өгснийхөө дараа гадаад орнуудаар аялах болсон.
Алга болохоосоо өмнөхөн Жэк Ма Хятадын цахим худалдааны зохицуулагчийг хэт хязгаарлагдмал хяналтаар инновацийг боомилохоор сүрдүүлж байна хэмээн шүүмжилэхийн зэрэгцээ мөн тус улсын банкны салбарыг “ломбардын сэтгэлгээтэй” хэмээн буруутгажээ.
Тэр цагаас хойш Жэк Маг гэрийн хорионд байгаа гэсэн цуурхал гарч байсан бөгөөд хожим нь түүнийг Испани, Нидерланд, Тайланд, Австралид харсан гэж мэдээлсэн. Түүнийг өнгөрсөн жилийн ихэнх хугацааг Токиод өнгөрүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлж байсан.
2020 оны арваннэгдүгээр сард “Alibaba”-гийн санхүүгийн технологийн “Ant Group” компанийн тухайн үед дэлхийн дээд үзүүлэлт болох хувьцааг Шанхай, Хонг Конгийн хөрөнгийн биржид байршуулах ёстой байв. Гэвч Хятадын Үнэт цаасны зохицуулах хороо "санхүүгийн болон техникийн хяналтын нөхцөл өөрчлөгдсөнтэй холбогдуулан" компанийн хувьцаа гаргах үйл явцыг гэнэт зогсоосон юм. Эдгээр үйл явдлын дараа Жэк Ма мэдээллийн талбараас алга болж, олны өмнө ховорхон гарах болсон билээ.
2021 оны 4-р сарын 10-нд Хятадын эрх баригчид “Alibaba” компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн гээд тус улсын корпорацийн түүхэн дэх хамгийн өндөр торгууль 2,7 тэрбум долларын торгууль ноогдуулснаа мэдэгдсэн. Хятадын монополийн эсрэг зохицуулагчийн мэдээлснээр тус компани хэрэглэгчдийг "сонголт хийх эрхгүйгээр" үйлчилгээгээ ашиглахаас аргагүйд хүргэсэн бодлого баримталж байсан нь "Хятадын цахим худалдааны зах зээлийн өрсөлдөөний орчинд сөргөөр нөлөөлжээ".
Жек Ма алга болсон нь Хятадын бусад бизнесмэнүүдтэй холбоотой хэд хэдэн үүнтэй төстэй хэрэг явдлын хамгийн сүүлийн тохиолдол аж.
Жек Ма эх орондоо буцан ирж, олон нийтийн өмнө гарсан нь Хятадын эрх баригчдын бизнес эрхлэгчдэд хандах хандлагыг зөөлрүүлж, тахал өвчинд нэрвэгдсэн эдийн засгийг дэмжих оролдлогын дохио байж магадгүй гэж Reuters агентлаг бичжээ.