Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху олны дургүйцлийг хүргэсэн шүүхийн шинэтгэлийн хуулийн төслийн хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг парламентын дараагийн чуулган хүртэл хойшлуулахаар шийджээ.
Тэрээр телевизээр үг хэлэхдээ “Үндэстнийг хагалан бутаргахаас зайлсхийхийн үүднээс би өргөн хүрээтэй зөвшилцөлд хүрэхийн тулд хоёр, гурав дахь хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдлээ” гэв
Өмнө нь шинэчлэлийг Кнессетийн (парламент) зуны чуулган хүртэл хойшлуулах шийдвэрийг засгийн газрын эвслийн нэг хэсэг болох хэт барууны “Еврей хүч”нам мэдэгдсэн юм.
Израилийн Үндэсний аюулгүй байдлын сайд, “Еврей хүч” намын удирдагч Итамар Бен-Гвир өөрийн мэдэгдэлдээ "Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху уг хуулийн төслийг дараагийн чуулганаар Кнессетад өргөн мэдүүлж, батлуулах болно гэсэн амлалтын хариуд хоригийг цуцлахыг би зөвшөөрсөн" гэжээ.
Израильд дээд шүүхийн эрх мэдлийг хязгаарлах Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал гурван сар үргэлжлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногоос улам ширүүсжээ. Ням, Даваа гарагт олон арван мянган израильчууд Иерусалим дахь Кнессетийн байрны ойролцоо цугларсан байна.
Энэхүү шинэчлэлийг эсэргүүцэн тус улсад бүх нийтийн ажил хаялт зарласан бөгөөд үүнд тээврийн салбарынхан, эмч нар, төрийн албан хаагчид, банк, хувийн компанийн ажилтнууд нэгджээ.