Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан, хоккейн IV дивизионы ДАШТ “Степпе арена”-д Филиппин, Индонез шигшээгийн тоглолтоор эхэлж, Монгол, Индонезийн багийнхны “тэмцлээр” өндөрлөв. Эхний өдрийн тоглолтод филиппинчүүд эсрэг багийнхныг 14:0-ээр илүүрхэж, манайхантай үзүүр, түрүүнд үлдэх чухал тоглолт өрнүүлэхээр болсон юм. Монголын хоккейчид Кувейтийн тоглогчдыг мөсөн талбайд 8:0-ээр хожиж, филиппинчүүдтэй ширүүхэн тулах хүчтэй өрсөлдөгч болохоо харуулав. Гурав дахь тоглолтод Индонез, Кувейтийн тамирчдыг 2:4- өөр буулгаж авснаар анхны ялалтаа байгууллаа. Манай баг хоёр дахь тоглолтоо филиппинчүүдтэй хийж, I үеийг 0:3-ээр өндөрлүүлж, III үед тоглолтын үндсэн цагт оноог 6:6 болгож тэнцүүлсэн юм.
Шийдвэрлэх нэмэлт цагт эсрэг багийнхан манайхны хаалганд дахин нэг гоол оруулснаар 7:6-гаар хожиж, аварга болох замаа зассан. Тус тоглолтын шилдгээр Монголын хоккейчдоос 12 дугаартай Э.Энхсүх, Филиппинээс 25 дугаартай Фуглист Жон Стивен шалгарлаа. Сүүлийн өдрийн тоглолтод медалийн эзэд тодорч, түрүүлсэн багийнхан ирэх жилийн ДАШТ-ий III дивизионд дэвшин тоглох эрх өвөртлөх байв. Дөрвөн өдөр үргэлжилсэн тэмцээний сүүлчийн тойргийн тоглолтод Филиппиний шигшээгийнхэн Кувейтийн багийг мөн 14:0-ээр хожиж, ДАШТ-д түрүүлэх нь тодорхой боллоо. Ингэснээр тус багийнхан ирэх жил III дивизионы ДАШТ-ий В хэсэгт дэвшин тоглох эрх өвөртлөв. Тоглолтын шилдгээр Филиппиний багийн II хаалгач, Кувейтийн шигшээгээс 17 дугаартай тоглогч тодорсон юм.