Улсын драмын эрдмийн театрынхан Цагаан сарын баяраар гурван үеийн уран бүтээлчдээ нэгтгэн “Их золголт” зохион байгуулдаг нь нэгэнт уламжлал болжээ. Эгшигт Охин Тэнгэрийн шүншигтэй байгууллага гэсэндээ золгуут нь хүртэл яруу сайхан, бас найруулгатай, эхлэл, өрнөл, төгсгөлтэй аж. Цагаан сарын баярын золгуултын үйл ажиллагааг жүжигчин О.Гэрэлсүх ахалж, өнөө жил театрын бүрэлдэхүүнд шинээр орсон М.Батболд найруулжээ. Золгуутад үе үеийн ахмад жүжигчид ирсэн юм. Улмаар энэ жил нас буян тэгширч байгаа ахмад уран бүтээлчдэд театрын удирдлага гарын бэлэг гардууллаа. Тухайлбал, Гавьяат З.Жарантав, хүүхдийн жүжгийн М.Оюунцэцэг, Оюун, Зулаа нар 70 насны босго давж, Гавьяат Б.Нармандах, Н.Батбилэг, Энхтуяа нар 60 хүрчээ.
Д.Цэрэнсамбуу: Бар жилд УДЭТ соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас ажил үйлсээрээ тэргүүлсэн
Улсын драмын эрдмийн театрын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуугаас бид театрын үйл ажиллагааны талаар тодрууллаа.
-Сар шинийн мэнд хүргэе. Ахмадуудаа хүлээж авдаг уламжлалынхаа талаар яриач?
-Театр уламжлал болгон олон сайхан ажил хийдэг. Үүний нэг нь ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, залуу хойч үетэй нь холбож өгдөг хүндэтгэлийн золголт юм. Сар шинийн золгуут бол Монголчуудын оюуны охь дээж болсон уламжлалт үндэсний баяр. Эл баярыг тохиолдуулан Монгол Улсын шинэ цагийн театр үүсгэн байгуулсан мэргэжил авьяас ур чадвар, ухамсарт амьдралаа театрын урлагт зориулсан үе үеийнхэн ахмадуудаа хүндэтгэж урин залдаг уламжлалтай. Баяртай байна. Үзэгч олон түмэндээ 90 гаруй жилийн түүхтэй монголчуудыг соён гэгээрүүлж, үеийн үед оюуны хөтөч нь байсан театрынхаа хамт олны өмнөөс сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Мэргэжлийн урлагийн ууган байгууллага, гал голомтдоо ахмад настнууд, уран бүтээлчдээ уриад Сар шинийн баяраа тэмдэглэлээ. Улсын драмын эрдмийн театр 92 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай театрын хамт олон сайжруулагч хэмээх усан бар жилээ ажил үйлс бүтэмжтэй, уран бүтээлийн олз омогтой үдэж, үзэсгэлэн болгогч туулай жилтэйгээ учран золголоо. Бар жилд бид “Херо интертаймент”-ынхан хамтарч Тамгагүй төр төслийг амжилттай хэрэгжүүллээ. Алдарт Бертольт Брехтийн “Сычуний сайн хүн”, мөн хүүхдийн “Миний аав - Миний баатар” жүжгийг шинээр найруулж, олны хүртээл болголоо. Нийслэлд соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас манай ажил үйлсээрээ тэргүүлж, 140 удаа тоглолт хийж, 70 мянган хүнд үзвэр үйлчилгээ толилуулсан байна. Манай ахмадууд гэж 60 гаруй хүн бий.
Түүнчлэн урлагийн тоглолт, цам харайх үзүүлбэр сонирхуулсан юм. Улмаар Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид ирж, хөрш байгууллагадаа мэндчилгээ дэвшүүлнэ билээ. Үүний дараа ахмад уран бүтээлчид сэтгэгдлээ хуваалцсан.
Г.Мягмарнаран: Тэнгэрээс алтан үеийнхэн биднийгээ харж байгаа
Ардын жүжигчин Г.Мягмарнаран “Залуу уран бүтээлчид ахмадуудтай золгож байна. Бидний гурван хэлхээ болох өнгөрсөн, одоо, ирээдүй үеийг ойртуулсан үйл явдал юм. 17 дугаар жарны үзэсгэлэн болгогч хэмээгч харагчин усан туулай жилд манай театрын хамт олон эрүүл саруул байх, дараачаар нь эрдэм боловсрол, уран бүтээлийн өндөр амжилт ирэх нь мэдээжийн хэрэг. Манай театр өнгөрсөн жилүүдэд уран бүтээлийн арвин их түүх намтраар он жилүүдээ угтаж үдэж байсан. Тэнгэрээс алтан үеийнхэн биднийгээ харж байгаа гэдэгт итгэж байна. Биднээр бахдаж, баярлаж байгаа байх. Ингээд залуус маань бидний уламжилж ирсэн уран бүтээлийн үйл ажиллагаа ард түмэндээ туурвих, толилуулах хариуцлагатай хүндтэй нэр төртэй хэцүү албыг авч яваад баярлалаа. Ирээдүйд нь сайн сайхныг хүсэхээс өөр арга алга. Юу санасан есөн хүсэл нь биелэх он жилүүд ирнэ гэдэг итгэж байна. Хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.”
П.Цэрэгдагва: Үг үйлдэл бүхэн хүнд бодож ухаарах, тэвчиж, сонсох зүйлийг агуулж байдаг
Ардын жүжигчин П.Цэрэндагва “Ахмад үеийнхний бид бүгдэд дамжуулан үлдээсэн театрын уламжлал, бидний хадгалж ирсэн өв соёлын нэг шинэлэх ёслолын ажиллагааг үр дүнтэй залган авч яваа театрын удирдлага, хамт олонд талархлаа. Хүний ертөнц гэдэг гурван цагийн хэлхээн дунд оршиж, үргэлжилж явдаг. Өмнөх үеийнхний бидэнд үлдээсэн өвийг хадгалж, хөгжүүлж чадах аваас бид өмнөх үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ тодорхой хэмжээгээр үүрч дүүрч яваагийн илрэл. Энэ ажлыг зохион байгуулсан хүмүүст өөрийн үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэсэнд талархахын хамт та нар минь үг үйлдэл бүхэн гэдэг хүнд бодож ухаарах, тэвчиж, сонсох зүйлийг агуулж байдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу. Цагаан сарын золголтын үйл ажиллагааг найруулсан найруулагчид талархаж байна. Учир юунд вэ гэвэл, зүгээр ч нэг шинэлэг зүйлийг хийх гэсэндээ тайзны лоунжаар дүүрэн ахмадууд тарааж суулгаад хэдэн үг хэлүүлэх гээгүй байх. Үүний цаана магад залуу найруулагч нар нэг л зүйлийг харж, хүсэж, бодож суугаа гэдгийг миний хүүхдүүд дор бүртээ анхаараарай. Тайзны яриатай холбоотой зүйл явлаа шүү дээ. Энд хүрэлцэн ирсэн хамтран ажиллагсад та бүхэндээ бүгдэд нь болон та бүгдээр дамжуулан ханийнхаа өмнөөс бие эрүүл ухаан саруул сэтгэл уужим итгэл бат зүтгэ шулуун байж, өөр өөрсдийн зорьсон үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж итгэл зүтгэл хүсэл эрмэлзэл дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье”
Г.Равдан: Театрын алтан тайзнаас адис авч уран бүтээлээ туурвисан талаараа ном гаргалаа
Түүнчлэн Ардын жүжигчин Г.Равдан театрын тухай шинэ ном гаргаснаа залууст өглөө. Тэрбээр “УДЭТ-ын нийт уран бүтээлчид их халуун бүлийн гишүүн ахмад дунд залуу үе арын албаныханд сар шинийн мэндийг айлтгая. Хүндэтгэлийн их золголтоо ёслол төгөлдөр хийж байгаад сэтгэл өег, догдолж сууна. Би театрын алтан тайзнаас адис авч уран бүтээлээ туурвисан талаараа бичсэн. Уран бүтээлийн тухай бусад эрдэмтэд ухаантай хүмүүсийн үлдээсэн, сонин хэвлэлийн хуудаснаа гаргасан зүйлийг тэмдэглэж үлдээсэн. Хэвлэлийн будаг нь хатаагүй номоо театрын ахмад буурлууд, залуустаа дээж болгон өргөхөөр ирлээ. Халуун бүл минь үржиж олон болж авьяастай хүчтэй залуус үе төрөн гарч ирэх болтугай, залуус дэвхэрч цовхорч таягаа хаяж туулай шиг дэгдэж явах болтугай” хэмээв.