Марк цуглуулагч, палеонтологич зэрэг мэргэжлийн хүмүүс болон олон нийтийн анхаарлыг татахуйц нэгэн үзэсгэлэн өчигдөр “Хүннү молл” худалдааны төв дэх “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Энэ бол цуглуулагч Р.Бат-Аюушийн “Үлэг гүрвэл” сэдэвт маркийн тусгай үзэсгэлэн. Тэрбээр өнгөрсөн хугацаанд зөвхөн эл сэдэвтэй холбоотой 42 улсын 2000 гаруй марк цуглуулснаа энэ сарын 23-27-нд олон нийтэд ийнхүү нээлттэй, үнэ төлбөргүй танилцуулж байна. Үзэсгэлэнг зорьсноор улс улсын онцлог, түүхийг өгүүлэх “зурагт хуудас”-тай танилцахаас гадна Монголын нутаг дэвсгэрээс олдсон 55 төрлийн үлэг гүрвэлийн олдворыг үзэж, сонирхох боломжтой гэнэ. Эл арга хэмжээг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтэс хамтран зохион байгуулж буй бөгөөд нээлтийн өдөр палеонтологич Х.Цогтбаатар олон нийтэд зориулан илтгэл тавьж, танилцуулга хийсэн бол маргааш судлаач Б.Майнбаяр танин мэдэхүйн мэдээлэл хүргэх аж. Ташрамд дурдахад, манай улс 1967 онд үлэг гүрвэлийн сэдэвт анхны маркаа хэрэглээнд нэвтрүүлсэн бол хамгийн сүүлд өнгөрсөн жилийнтавдугаар сард “Монголын үлэг гүрвэлийн сор олдворууд” нэртэй блок маркийг гүйлгээнд гаргажээ.