Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчид Бордо хотын захирагчийн албаны хаалгыг шатаасан тухай “France Bleu” радио мэдээлэв.
Галыг гал сөнөөгчид шуурхай ажиллаж унтраасан байна.
Хотын захирагч Пьер Юрмик хэргийн газарт ирж, галдан шатаасан сэжигтнийг баривчилсан тухай мэдэгдэв.
“Sud Oues”t хэвлэлд мэдээлснээр 3-р сарын 28-нд тус хотод Их Британийн хаан III Чарльз айлчлах гэж байгаа аж. Яг энэ өдөр Францын үйлдвэрчний эвлэлүүд дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Засгийн газраас гаргасан тэтгэврийн шинэчлэл Францын нийгэмд эсэргүүцлийн давалгааг өдөөсөн юм. Хоёр сарын дотор Францад нийт найман удаа жагсаал болжээ. Жагсаалууд улс даяар явагдаж сая сая гаруй хүн цуглуулсан байна. Эсэргүүцэлийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон жагсагчдын хооронд мөргөлдөөн, хүчирхийлэл дагалдаж байна.
Гуравдугаар сарын 23-ны жагсаалд мөн сая гаруй хүн оролцжээ. Зөвхөн Парис хотод л гэхэд цагдаагийн байгууллагын мэдээлснээр 119 мянган хүн жагсаалд оролцсон бол үйлдвэрчний эвлэл 800 мянган хүн оролцсон гэж мэдэгджээ.
Өчигдөр болсон жагсаалын үеэр 123 цагдаа шархдаж, 80 хүн баривчлагдсан гэж Дотоод хэргийн яамнаас мэдээлэв.