Дэлхийн усны өдрийн хүрээнд Монгол орны газрын доорх болон гадаргын нөөц, хамгааллын асуудал, хууль, эрх зүйн орчны тулгамдсан бэрхшээлүүдийг өргөн хүрээнд хэлэлцэж буй энэ цаг үед салбарын судлаач, мэргэжилтнүүд үнэтэй санал, зөвлөмжүүдийг хэлсээр байна. Тухайлбал, манайх шиг хэрэглээнийхээ зонхилох хувийг гүнээс хангадаг, хязгаарлагдмал нөөцтэй орон цэвэр усны хомсдолд орохгүйн тулд гадаргын усыг хуримтлуулж ашиглах, хөв цөөрөм олноор байгуулах шаардлагатай гэнэ. Нийслэлд 2019 оноос хойш гадаргын ус хуримтлуулах гурван хөв байгуулжээ. 2019 онд Толгойтын баруун салааны Бумбатын булгийг түшиглэн, 2020 онд Налайх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт, уржнан Хөлийн гол дагуу, нийт 25 000 шоо метр эзлэхүүнтэй хөв байгуулсан юм байна. Тэгвэл өдгөө Сэлбэ, Багабаян, Дээндийн гол дагуух хаврын шар, зуны үерийн усыг хуримтлуулах хоёр усан сан байгуулах ажил үргэлжилж байгааг нийслэлийн Байгаль орчны газрынхан мэдээлэв. Эдгээрийг байгуулснаар Улаанбаатар хот хур тунадас болон үерээс 60 000 гаруй шоо метр ус хуримтлуулах боломж бүрдэх гэнэ. Усны салбарын судлаач, мэргэжилтнүүд энэ тоог цаашид нэмэгдүүлэх, 12 гол, мөрөнд түшиглэн байгуулахаар төлөвлөж буй усан цогцолборын ажлыг цаг алдалгүй урагшлуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа “Цэнхэр алт” үндэсний чуулганы салбар хуралдааны үеэр онцлов.