Манай улс энэ сарын 15-наас цахим гадаад паспорт олгож эхлээд буй. Шинэчилсэн паспорт 48 хуудастай бөгөөд тэдгээрт Монгол Улсын төрийн тахилгат хайрхнууд, “Улаан ном”-д орсон ховор амьтад, түүх, соёлын өвүүдийг зураглан оруулсан талаар албаны хүмүүс мэдээлсэн юм. Тэгвэл үүнд идлэг шонхрыг дүрслэхдээ алдаа гаргажээ. Монголын шувуулахуйн холбооны тэргүүн Д.Отгонсайханаас энэ талаар тодрууллаа.
-Гадаад паспортод идлэг шонхрын зураг оруулахдаа ямар алдаа гаргасан байна вэ?
-Монголд 44 зүйлийн махчин шувуу байдаг. Эдгээр нь харцагатны, шонхортны гэсэн хоёр багт хуваагддаг юм. Шинэчилсэн паспортод энэ хоёр багийн шувууг нийлүүлээд, нэг бодгаль болгож оруулсан. Харцагатны багаас манай оронд үлэг, морин, үүрсээ харцага гэсэн гурван зүйл шувуу байдаг. Шонхрын хувьд 10 зүйл бий. Паспортод харцага, шонхор хоёрыг нийлүүлээд зурчихсан байгаа юм. Тодруулбал, биеийн хэлбэр нь харцага, толгой нь шонхрынх. Монголд ийм зүйлийн шувуу огт байхгүй. Дэлхийн хаа нэгтээ ийм дүр төрхтэй шувуу байхыг үгүйсгэхгүй. Уг нь манай улс идлэг шонхрыг үндэсний бахархалт шувуугаар өргөмжилчихсөн шүү дээ. Түүнийгээ л тодотгох гэж паспортдоо залсан гэж горьдсон. Гэтэл шонхор ч биш, харцага ч биш зүйл гаргачихаж.
-Шонхор, харцага хоёрыг эндүүрэх тохиолдол бий юү. Үүнийг санаандгүй гаргасан алдаа гэж үзэж байна уу?
-Санаатай алдаа ч биш байх. Мэдэхгүй хүнээр л зуруулсан байх. Ер нь жирийн хүмүүс шонхор, харцага хоёрыг тэр бүр ялгахгүй, андуурах тохиолдол бий. Судлаач, мэргэжлийн хүмүүс бол андахгүй. Энэ зургийг хаанаас ч, яаж ч харсан алдааг нь анзаарна. Шувууны талаар ойлголт, мэдлэггүй хүнд тус ажлыг даатгаад, нөгөөх нь интернэтээс зураг харж байгаад ялгахгүй, холиод зурчихсан болов уу гэж таамаглаж байна.
-Ер нь монголчууд үндэсний бахархалт шувуугаа хэр сайн мэддэг ард түмэн юм бол?
-2012 онд Ц.Оюунгэрэл Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байхдаа идлэг шонхрыг Монголын үндэсний бахархалт шувуу болгосон. Манай улсад байдаг 10 зүйл шонхроос хамгийн том нь энэ шүү дээ. Идлэг шонхор бол монголчуудын түүх, өв соёлтой салшгүй холбоотой. Энэ талын судалгаа манайд дутмаг байдаг болоод ч тэр үү, хүмүүс төдийлөн мэддэггүй, ялгадаггүй. Телевизийн нэвтрүүлэг, баримтат кинонуудад ч ийм алдаа түгээмэл. Шонхрын дүрс авчихаад, бүргэдийн дуу оруулчихдаг. Мэргэжлийн хүмүүсээс асуух хэрэгтэй шүү дээ. Интернэтээс ч мэдээлэл хайж, харж болно. Паспорт бол хүн болгон гар дээрээ авч явдаг, олон улсад ашигладаг чухал бичиг баримт. Үүн дээр алдаа гаргах нь байж боломгүй зүйл. Ном, сурах бичгийн алдаанаас ондоо түвшний асуудал.