“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын ээлжит уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг, эх, иргэдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, Боловсролын салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар салбарын сайд нарт мэдээлэл өгөв. Мөн “Дохионы хэл ба хуулийн хэрэгцээ”, Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ.
Хөгжлийн бэрхшээлийг аль болох эрт илрүүлэх, улмаар цэцэрлэг, сургуульд нь хэрхэн хөгжүүлэх талаар энэ үеэр ярилцсан байна. Улмаар үр дүн нь 2030 он гарна хэмээн талууд үзэж байна. Түүнчлэн хүүхдийг тэгш хамруулан сургах асуудлыг энэ үеэр хөндсөн. ХНХЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургаж чадаж байгаа эсэх талаар судалгаа хийсэн байна. Судалгааны дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах асуудал хангалтгүй байгаа нь нотлогджээ.