Мягмар гарагт Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпин нарын албан ёсны уулзалт боллоо. Уулзалтын дараа хоёр улсын төрийн тэргүүн нар мэдэгдэл хийв.
Путины хэлснээр, “өчигдөр, өнөөдөр хийсэн ганцаарчилсан болон тодорхой хүрээнд, төлөөлөгчдийн оролцоотой хийсэн бүх уулзалт, хэлэлцээ амжилттай болжээ"
Хэлэлцээ халуун дулаан, нөхөрсөг, бүтээлч уур амьсгалд болсныг тэрээр тэмдэглэв.
Орос, Хятад хоёр хамгийн ээдрээтэй асуудлыг ч шийдвэрлэх гарцыг олж чадна гэдгийг Путин онцлов. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэмдэглэснээр, Орос, Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн дээд цэгт хүрч байна.
Москва болон Бээжин санхүүгийн болон зам тээвэр зэрэг найман салбарт хамтын ажиллагаагаа нэг дахин нэмэгдүүлэх зорилт тавиад байна.
Үүний зэрэгцээ Орос улс Хятадад нийлүүлэх газрын тос, байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэхэд бэлэн байгаа тухай ерөнхийлөгч онцлов.
Тодруулбал "Сибирийн хүч - 2" хийн хоолойг Монголоор дамжуулан нэтврүүлэх талаар бараг бүх асуудлаар хоёр тал тохиролцоонд хүрсэн байна.
“Бид дөнгөж сая их сайн төсөл болох “Сибирийн хүч 2” хийн хоолойг Монголоор дамжуулан нэвтрүүлэх талаар ярилцлаа. Энэ гэрээний бараг бүх үзүүлэлтийг тохиролцсон. Энэ нь Оросын найдвартай, тогтвортой 50 тэрбум шоо метр хийн нийлүүлэлт юм” гэж ОХУ-ын удирдагч тэмдэглэв.
Орос улс ирээдүйд Евразийн томоохон түншлэл байгуулахын тулд олон улсын тавцан дээр ажиллана гэж Путин дүгнэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн хэлэлцээний үеэр Москва, Бээжингийн цаашдын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх төлөвлөгөөг тодорхойлсон гэж мэдэгдлээ.
"Бид шинэ эринд орж буй иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Мөн Хятад, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны гол салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Бид хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн төлөвлөгөө болон хамтын ажиллагааг бүх салбарт ойрын хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөөг тодорхойлов" гэж Ши Жиньпин хэлэв.
Тэрбээр 10 жилийн хугацаанд Орос, Хятадын худалдаа 116 хувиар өссөнийг онцлоод хоёр тал эрчим хүчний худалдааг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн гэдгийг тэмдэглэв.
“Ерөнхийлөгч Путин бид хоёр иж бүрэн төлөвлөлтийг дээд түвшинд идэвхчүүлж, эрчим хүч, нөөц, цахилгаан бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, хоёр талын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэлхээний уян хатан чанарыг өсгөх, мэдээллийн технологи, дижитал эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил дамнасан тээвэр зуучлал, тээвэрлэлтийн тасралтгүй байдлыг үргэлжлүүлэн хангахаар тохиролцлоо" гэж Хятадын удирдагч нэмж хэлэв.