Хүүхдийг Ивээх Сан (ХИС)-гаас НҮБ-ын Итгэлцлийн Сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд тодорхой сэдэв, чиглэлээр судалгааны ажлууд хийж байна. Үүний дотор “Насанд хүрэгчдийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадал” сэдэвчилсэн судалгааг 2022 онд эхлүүлж, үр дүнгийн шинжилгээг хийж дууслаа.
Сүүлийн 10 жилд хүүхэд хамгааллын салбарт хийгдсэн сэдэвчилсэн судалгаануудын дүн шинжилгээнд суурилан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт (ХНХСИС), Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон ХИС-гийн төлөөллөөс бүрдсэн зөвлөх хорооны гишүүд энэхүү судалгааны сэдэв, хүрээг хэлэлцэн тогтсон байна. Судалгааны үр дүнг хэлэлцэх, үр дүнгийн шинжилгээг нягтлах, санал зөвлөмж гаргах уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү судалгааг Эм Эм Си Жи судалгааны байгууллага гүйцэтгэж, насанд хүрэгчдийн хүүхэд хамгааллын мэдлэг, хандлага ямар байгаа, тэрхүү мэдлэг, хандлага нь дадал болж суусан эсэхийг тодруулан, хүүхэд хамгааллын чиглэлээр олон нийтэд чиглэсэн ямар хөтөлбөр, төсөл, бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох зорилготой.
Түүнчлэн ХНХЯ-ны саналд үндэслэн хүүхэд хамгааллын мэдээллийн системд хийх үнэлгээний ажлыг мөн 2023 онд эхлүүлсэн бөгөөд үнэлгээний арга зүйг эхний хувилбараар боловсруулаад байна. Уулзалтын үеэр мөн энэхүү үнэлгээний аргазүйг хэлэлцэн, санал зөвлөмж гаргасан юм. Үнэлгээний ажлыг программ хангамж, хууль эрх зүй, өгөгдөл, системийн мэргэшсэн зөвлөхүүд гүйцэтгэж байна. Хүүхэд хамгааллын салбарт хэрэглэж байгаа мэдээллийн программуудын хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоо, аюулгүй байдал, цуглуулсан мэдээллийг бүх түвшинд хэрхэн хэрэглэж буй байдал зэрэгт үнэлгээ хийж, сайжруулах, хөгжүүлэх санал зөвлөмж гаргах зорилготой.
Уулзалтад ХНХЯ, ГБХЗХГ, Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ХИС-гийн ажилтнууд оролцлоо.
Энэхүү уулзалтаас гарсан санал зөвлөмжийг дээр дурдсан судалгааны тайлангуудад тусган эцэслэж, олон нийтийн хүртээл болгох юм.