БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд, Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан зэрэг олны танил хүн, нөлөө бүхий компаниудад тусгай хамгаалалттай, дархан цаазат бүсэд газар олгосон тухай мэдээлэл тархаад буй. Тэгвэл салбарын сайд үүнтэй холбоотой тайлбар мэдээллийг өчигдөр хэвлэлийнхэнд өглөө. Тэрбээр “Дуучин Д.Болд Нүхтийн аманд долоон жилийн өмнө хаус худалдан авч, тэр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан юм билээ. БОАЖЯ өнгөрсөн хугацаанд газар олгохгүй байх чиглэл баримталж, Богдхан уулын дархан цаазат бүс дэх 5594 га талбайг хамгаалалтын бүсэд шилжүүлэн, есөн аманд ашиглалтын эрх нэмж өгөхгүй байх шийдвэрийг гаргасан. Гэхдээ тухайн бүсэд үл хөдлөх хөрөнгөтэй нь гэрчилгээгээр баталгаажсан иргэдэд газар олгосон тохиолдол бий. Монгол Улсын Үндсэн хуульд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгсдийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Үүний дагуу зарим иргэний газрын асуудлыг шийдвэрлэсний дотор дуучин Д.Болд багтсан. 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгохоор болсон учир нэгдүгээр сарын 1-нээс хойш нэмж тусгай зөвшөөрөл өгөөгүй. Түүнд бэлэглэлийн шугамаар 2.7 га газар олгосон гэдэг нь ташаа. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль баталж, хэрэгжүүлж эхлэхээс ч өмнө Горхи, Тэрэлжид суурьшин амьдарч байсан уугуул 48 иргэнд газар олгосны дунд Д.Кёкүшюзанбатбаяр, дуучин Т.Баясгалан нар багтсан. Тэднийг Налайхын уугуул иргэд, Горхи, Тэрэлжид үе залгамжлан амьдарч ирсэн гэдэг мэдээлэл бий” гэв.
Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр уржигдар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн, Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулсан, хурд гүйцдэггүй, удаашралтай гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлт гаргаснаа дурдлаа. БОАЖ-ын сайдын гарын үсэг бүхий газар олголт, худалдан авалттай холбоотой мэдээллүүд цахим сүлжээнд тархсан нь түүний хийж буй үйлдэл гэж мэдээлэв. Тэрбээр хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байгаагаа хэллээ. Тус хурлын үеэр “Унаган зайсан иргэд” төрийн бус байгууллагын тэргүүн ирж Зайсангийн уугуул 80 гаруй иргэний газрын асуудлыг нэн даруй шийдэж өгөхийг салбарын сайдаас хүссэн бол автомашинтай жагсаал зохион байгуулагч гэдгээрээ танигдсан Б.Цэгмид байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг компаниуд уул уурхайнхны захиалгаар хууль бус шийдвэр гаргаж байгааг мэдээлэв.