Саудын Араб, Иран хоёр зөрчил тэмцлийн урт түүхтэй, Персийн булангийн бүс нутагт гол дайснууд байсаар ирсэн юм. Тэд исламын ертөнцөд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн төлөө өрсөлддөг. Саудын Араб нь суннит чиглэлийн ислам шашинтай, хаант засагтай, АНУ-тай холбоотны нягт харилцаатай. Тэгвэл Иран нь исламын ертөнцийн шийт чиглэлийн, 1979 онд “өрнөдийн эсрэг”, “хаант засгийн эсрэг” хувьсгалын үр дүнд бий болсон БНУ юм. Энэ хоёр улсад “хар алт”-ыг хайрладгаас өөр ижил төстэй юу ч байхгүй.
Тегеран бол Саудын Арабын эртний заналт дайсан. Бүр аятолла Хомейнигийн үед Ойрхи Дорнод “шийтийн хавирган сар” (Персийн булангаас Газар дундын тэнгис хүртэл шийтүүдийн оршин буй газар нутаг) байгуулахыг Иран эрмэлзэж байв. Саудын Арабын хаан агсан “хөгшин үнэг” Абдалла энэ үзэл санаа нь хэрэгжвэл бүс нутаг бүхэлдээ сүйрнэ шүү хэмээн сануулсан байдаг. Бүс нутгийнхаа нэг туйл болдог Саудын Араб нь Иран тэргүүлсэн Ливан, Сири, Ирак, Бахрейн, Йемений шийтийн эвслийг бий болгохгүй байхыг зорилгоо болгодог. Түүнээс гадна Ираны дэмжлэгийг авбал Саудын Араб шиг төвлөрсөн улсыг тогтворгүй болгох хүчин зүйл болохуйц хүн амынх нь 15 орчим хувийг шийтүүд эзэлдгийг мартаж болохгүй.
Үүнээс өмнө ч Эр-Риядын эсрэг Тегеран өдөөн хатгалга хийж байв. 2019 онд Саудын Арабын нутаг дэвсгэр дээр байгаа дэлхийд томд тоо¬цогдох нефть боловсруулах үйлдвэр лүү нь Иран өргөн цар хүрээтэй довтолгоо хийсэн юм. Довтолгоог дрон ашиглаж зайнаас хийсэн болохоор Ираны цэрэг Саудын Араб руу шууд дайрсан гэж үзэх үндэсгүй.
Энэ хоёр орон дайн мөргөлдөөнөө хөрш Йемений газар нутаг дээр ихэнхдээ хийж, үгүйрч сүйрүүлсэн иргэний дайн найман жил үргэлжлэв. Үүнд Саудын Араб Засгийн газрын эвслийг дэмжсэн бол Иран “Хезболла”-гийн тусламжтайгаар босогчдын талд байлдлаа. Йеменд нөхцөл байдал байнга өөрчлөгдөж, ёс төдий гэмээр эвлэрэлд хүрснээ байдал дахин хурцдаж, өдөөн хатгалга ч хийцгээнэ. Талууд биенээ харилцан буруутгах хэрнээ армиудын хооронд мөргөлдөөн болсныг үл хүлээн зөвшөөрнө.
Тэглээ ч энэ хоёр улс харилцаагаа хэвийн болгох талаар яриа хэлэлцээ хийгээд л байв. Энэ үйл явц их төвөгтэй, маш алгуур ахицтай, үнэн хэрэг дээрээ бол бүрэн хэмжээний дайн тухайн бүс нутгийн хоёр улсын алинд нь ч ашиггүй. Тэгтэл сүүлийн хоёр сард Засгийн газраа эсэргүүцсэн тэмцэл Ираныг нөмөрч, нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөх гээд байгаа янзтай.
Иран одоо мэдээллийн бүслэлтэд байна. Тус улсын дотоод байдлын талаар лавтай мэдээлэл алга. Гадаадын хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хориглочихсон, эрх баригчид нь интернэтийг боломжтой бүх аргаар цагдаж байна.
Иранд “рахбар” гэж нэрлэдэг нас өндөр дээд удирдагч Хаменеи улс орондоо хязгааргүй эрх мэдэлтэй байдаг бөгөөд өөрийн замд хөндөлсөх гээд байгаа бүх өрсөлдөгчөө зайлуулахыг хи¬ чээж байна. Рахбар гэдэг нь Исламын Бүгд Найрамдах Иран Улсын өндөр дээд албан тушаалтан, зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь юм. Рахбар нь дайн, энхийг зарлаж, цэргийн дай¬ чилгаа явуулах эрх мэдэлтэй. Түүний албан тушаалыг Үндсэн хуульд тусгасан байдаг аж.
Улс орондоо бий болсон түгшүүртэй байдлыг харгалзан Ираны Засгийн газар эмх замбараагүй байдлын шалтгааныг гадаад орноос хайж, мөнхийн дайсан АНУ, Израил, Саудын Арабыг үүнд буруутгадаг. “Та бүхэн манай дотоод үйл хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хөндлөнгөөс оролцож байна. Энэ бол бидний сүүлчийн анхааруулга шүү” хэмээн Исламын хувьсгалыг хамгаалах корпусын командлагч Хосейн Салам мэдэгдсэн.
Ираны ариун хот гэгддэг Кумд Жамкаран сүмийн орой дээр “өшөө хонзонгийн туг” гэг¬ чийг мандуулсан байдаг. Яг ийм далбааг Ираны өмнөд нутагт байх Шираз хотын сүмд бас босгожээ. Ийм тугийг 2020 онд Иракт байх АНУ-ын агаарын цэргийн баазад Иран пуужингийн цохилт өгөхөөс хэдхэн өдрийн өмнө босгосон байсныг АНУ-ын дүн шинжилгээний “Open source intelligence” бүлэг сануулсан байна. Иранчууд довтолж болзошгүй талаар анх мэдээлсэн “Wall street journal” сэтгүүл тэмдэглэснээр саудын арабчууд руу хийх довтолгоо нь “Iran international”-ийн явуулж буй үйл ажиллагааны хариу байхын зэрэгцээ нийгмийн анхаарлыг дотоодын эсэргүүцэл тэмцлээс хөндийрүүлэх гэсэн оролдлого байж болох юм. Иран яг дайн хийхээр шийдээгүй байж болох тул ийм мэдээлэл нь суртал нэвтрүүлгийн дайралт болох талтай гэсэн байна. Үнэхээр ч бидний авч буй мэдээлэл нь өдөөн хатгалга ч байж болох. Гэлээ ч Саудын Араб армийнхаа байлдааны бэлэн байдлыг дээшлүүлж, Вашингтон Эр-Риядтай тогтмол харилцаа холбоотой байгаа бөгөөд дайсан довтолсон тохиолдолд өөрийгөө хамгаалахад нь тусална хэмээн амлажээ.
Нефть олборлох талаар Эр-Риядын баримталж буй байр сууриас үүдэн АНУ, Саудын Арабын харилцаа сүрхий хурцдав. АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн өмнөхөн бензиний үнэ эрс өссөнд Цагаан ордон сэтгэл тавгүйтэв. Үнийн тэнцвэрийг хадгалахын тулд нефть олборлох хэмжээгээ нэмэгдүүлэхийг Саудын Арабаас АНУ хүссэн ч удаан хугацаанд татгалзаж, ийм байдлаар экспортын гол бүтээгдэхүүнээсээ саудын арабчууд хэт ашиг олдог аж. Эцэст нь олборлох хэмжээгээ өдөрт 10-13 сая баррель болгож нэмэгдүүлэхээр зөвшөөрсөн ч үнийг бүрэн зохицуулахад энэ нь хангалтгүй байлаа. Тэгээд АНУ хэт өндөр үнийг буу¬руулахын тулд стратегийн нөөцөөсөө нефть ашиглахад хүрэв. Саудын Араб нь Персийн булан дахь Америкийн маш хүчирхэг түнш нь учраас түүнтэй найрсаг харилцаатай байхыг Вашингтон эрхэмлэдэг.
Болзошгүй сөргөлдөөнөөс ашиг олж болох ганц улс байгаа нь Орос юм. Персийн буланд зөрчил тэмцэл үүсвэл Украинд үзүүлэх Өрнөдийн тусламжийг сүйтгэж орхино. Зэвсэг нийлүүлэхийг нь бүрэн зогсоож чадахгүй ч хэмжээ нь үлэмж багасаж, энэ тохиолдолд Өрнөд нэгэн зэрэг хоёр фронт дээр дайтахад хүрэх юм. Ингэвэл Сирийн дайн эхэлсний дараах шиг Европ дүрвэгчдийн хөлд дарагдана. Одоо Европын Холбоонд байгаа олон зуун мянган украинчууд дээр дахин дүрвэгчдийн урсгал ороод ирэхээр олон хямралт байдал бий болгохын зэрэгцээ европчуудын нийгмийн сэтгэлгээг Украины дайнаас хөндийрүүлнэ. Сүүлийн үед Тегерантай Кремль ихээхэн сүжирч буй. Зэвсэг нийлүүлж, Ираны зааварлагчдыг Орос ашиглаж, Путин Тегеранд айлчлав. Ираны Засгийн газарт нөлөөлөх тодорхой хөшүүрэг одоо Орост байна. Америкчуудын устгасан генерал Касем Сулейманийг сүүлийн үед Владимир Путин дурсаж, бусад улсын хэрэгт АНУ байнга оролцож буйг сануулж байгаа. Ираныг тусгаарласны хариуд Өрнөд Оросын эсрэг ямар нэг алхам хийгээд нэмэргүй. Өрнөдийн эсрэг суртлыг Иранд Орос маш чадварлаг хийж буй. Иранд Орос мэдээллээр ч, дипломат арга замаар ч нөлөөлөх хязгааргүй боломж бий гэж Украины ирээдүйн хүрээлэнгийн шинжээч Илия Куса үзэж байна.
Долоон жилийн өмнө тасарсан Иран, Саудын Арабын дипломат харилцаа Хятадын зуучлалаар сэргэв. Энэ талаарх баримт бичигт гуравдугаар сарын 10-нд Бээжинд Иран, Саудын Араб, БНХАУ-ын төлөөлөгч гарын үсэг зурлаа. Үүгээрээ Хятад олон улс дахь нэр хүндээ өсгөхөд чухал алхам хийлээ. Украинд болж буй байлдааны улмаас Орос, Өрнөд хоёрыг Хятад эвлэрүүлж чадахгүй, учир нь тэнд Өрнөд, Оросын соёл иргэншлийн хооронд газар нутгийн зөрчил тэмцэл өрнөж буй юм. Гэхдээ Еврази, Ойрхи Дорнод дахь хүчний харилцаанд Хятад нөлөөлөх чадвартай. Иран, Саудын Араб хоёр эвлэрэхэд Оман, Ирак улс ч хүчин зүтгэсэн. Одоо хоёр сарын дотор Иран, Саудын Араб төлөөлөгчийн газраа харилцан нээнэ. Ийм алхам хийж буйд АНУ талархал илэрхийлэв. 2015 оны гуравдугаар сард Саудын Арабын тэргүүлсэн эвсэл шийзмийг номлогч хуситуудын эсрэг Йемений газар нутаг дээр цэргийн ажиллагаа явуулснаар ЭрРияд, улмаар Тегеран хоёрын харилцаа муудаж, Тегеран дахь ЭСЯ нь халдлагад өртсөнөөс Ирантай тогтоосон дипломат харилцаагаа 2016 оны нэгдүгээр сард Саудын Араб тасалсан юм. Ираны шах (хаан)-ын үед эдний харилцаа хэвийн, түүгээр ч барахгүй нөхөрсөг байсан гэж хэлж болно. Исламын хувьсгал Иранд шийтүүдийг эрх мэдэлтэй болгосон. Хүн амынх нь үлэмж хэсгийг эзэлдэг шийтүүд олонх болсон суннитүүд шигээ эрх мэдэлтэй байсангүй. 1979 оны арванхоёрдугаар сард Саудын Арабт шийтүүд жагсаж, АНУ-д нефтиэ өгөхийг больж, шийтүүдийг гадуурхахаа зогсоохыг шаардаж, Исламын хувьсгалыг дэмжсэн. Суннит, шийтүү¬ дийн ариун газар болох Саудын Арабт байдаг Мекка, Мединатай холбоотой маргаанаас болж хоёр улсын харилцаа хурцдав. Иран, Саудын Арабын хоорондын зөрчлийг дайн болоосой гэж хүсдэг улс бас байдаг нь Израиль юм. 1983 онд Ираны Ерөнхий сайд Хатами энэ хоёр газар бүх мусульман хүнд харьяалалтай гэж мэдэгдсэн. Ингээд уг маргаан хэргийн зангилаа болжээ. 1987 оны долдугаар сарын 31-нд мөргөлийн үеэр цагдаатай мөргөлдөөн болж, 402 хүн амиа алдсаны олонх буюу 375 нь Ираны иргэн байж. Үүний төлөө Саудын Араб болон Арабын ихэнх улс Ираныг буруутгаж, Тегеран хариуд нь бүх зүйлд Саудын Арабын эрх баригчдыг буруутай гэж үзсэн. Энэ зөрчил тэмцэл 1988 оны зургадугаар сард үргэлжилж, Иранаас жил бүр 55 мянган мөргөлчнийг ариун газруудад ирүүлж байх шийдвэр гаргахад Саудын Араб идэвхтэй оролцсон. Иран мөргөлчдийн тоог 150 мянга болгохыг шаардав. 1988 оны дөрөвдүгээр сард Саудын Араб Ирантай тогтоосон харилцаагаа тасалж, хариуд нь Тегеран нөгөөх жил бүр болдог мөргөлийг нь хориглов. Тэгээд 1991 оны гуравдугаар сард хоёр талын харилцаа сэргэж, 105 мянган мөргөлчин явуулж байх квоттой боллоо.
1990-2000 онд Иран, Саудын Арабын харилцаа мэдэгдэхүйц сайжрав. Ираны Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгч нь 1991, 1998 онд Саудын Арабт айлчилж, Саудын төлөөлөгчид 1997 онд Тегеранд болсон Исламын бага хурлын байгууллагын чуулганд оролцов.
Бэлтгэсэн Р.Жаргалант