Аймшигт газар хөдлөлтийн дараа Туркийн зүүн өмнөд хэсэгт дараагийн гамшиг нүүрлэв. Хүчтэй аадар борооны дараа газар хөдлөлтийн үеэр сүйрсэн газрууд үерт автаж, амь үрэгдсэн болон сураггүй болсон хүмүүс байна.
Одоогийн байдлаар арван хүн нас барж, 10гаруй хүн сураггүй болсон гэж төрийн мэдлийн “Anadolu” агентлаг мэдээлэв. Энэ тоо нэмэгдэх хэндлагатай гэж орон нутгийн захиргаа болгоомжилж байна.
Тус бүс нутагт сургууль цэцэрлэгүүд хаагджээ.
Шанлиурфа хотын эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, мөн орон сууцны барилгууд үерт автсан байна.
Үерийн усанд зам, гүүр сүйдэж, тээврийн хэрэгслэлүүд урсаж, хүмүүс аюулгүй газар руу сэлж байгааг бичлэгүүд нийтийн сүлжээгээр цацагдаж байна.
Ойрын хоёр хоногт Туркийн Иргэний хамгаалалтын агентлаг (AFAD) тус бүс нутагт хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул шуурга, үер усны аюулаас иргэдийг сэрэмжлүүлж байна.