Засгийн газрын 2017 оны 116 дугаар тогтоолоор бүх яамны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын дэргэд зөвлөл ажиллаад 6 жил болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах уг дэд зөвлөл хуралдлаа. Дэд зөвлөлийг Төрийн нарийн бичгийн дарга ахалдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь тус салбарын харъяа байгууллагуудын удирдлагууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд багтдаг юм.
Дэд зөвлөлийн хурлаар ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2022 оны үр дүн, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг тус яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир танилцуулж, төлөвлөгөөний төсөлд гишүүдээс ирсэн саналыг тусган батлав. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт болон Ажлын байрны дадлагажуулагчийн удирдамжийн хэрэгжилтийн тухай танилцуулгыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нямсүрэн танилцуулав.
Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд дэд зөвлөлийн дарга Г.Өнөрбаяр салбарын агентлаг, харъяа байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой байнгын ажлын байраар хангаж, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, тэднээр төрийн зарим ажил үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлэх, албан хаагчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, иргэдэд бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллээ ил тод өгдөг байхад онцгой анхаарал хандуулан, дорвитой ажил санаачлан хэрэгжүүлэхийг чиглэл болгов.