“Мэлхий гүнж” жүжиг М.Лхагвын найруулгаар үзэгч хүүхдүүдэд гуравдугаар сарын 18,19-нд хүрэх нь. ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн, бас "Фауст", "Ромео, Жульетта"-г олны хүртээл болгоход туслах найруулагчаар ажилласан тэрбээр хүүхэд багачуудад хайр бас итгэлийг түгээнэ гэж амлалаа. Улмаар “Ээж, аавууд, ер нь томчууд хүүхдийнхээ “Хайр гэж юу вэ” хэмээх асуултад ихэнхдээ бүдэрдэг. Зарим нь “Чи том болоод ойлгоно” гэж л хэлдэг. Үгүй, бид хүүхдэдээ илүү нээлттэй байх ёстой. Чухамдаа хайр гэгч чухал юу болохыг “Мэлхий гүнж” жүжгээр дамжуулан багачууддаа ойлгуулна. Мөн жүжгийг үзээд итгэл гэж юу болохыг оюун санаанд нь суулгаж өгнө. Хүүхдийн үзэх, харах, сонсох, мэдрэхүйн эрхтнүүд дээр төвлөрч жүжгээ найруулсан” гэлээ. Түүнчлэн “Мэлхий гүнж” жүжгийг Диснейлендийн хувилбараар найруулжээ. УДЭТ-ын залуу жүжигчид болох Т.Сэргэлэн, Т.Анхзул, Ц.Төгсбилэгт нар жүжгийн гол дүрийг бүтээнэ. Тодруулбал, Т.Сэргэлэн ханхүүгийн дүрийг, Т.Анхзул гүнжийн дүрийг бүтээх аж. Ер нь эл жүжигч нийт 30 гаруй уран бүтээлч оролцжээ.
“Dream day” театрын продюсер Б.Энхсайхан “Жүжгийг илүү олон хүүхдэд хүргэх үүднээс тасалбарын үнэ дээр уян хатан хандсан. Тодорхой хэлбэл, хүүхдүүдэд тохирсон тайз засаж, театрын боловсрол олгохоор хичээж, бүгдийг нэгбүрчлэн анхаарч байгаа” хэмээсэн юм. “Мэлхий гүнж” жүжгийнхэн мөн хөдөөгийн хүүхдүүдийг зорьж очих юм байна. Өөрөөр хэлбэл, ирэх зун, намар, өвөл хөдөөгүүр аялан тоглолт хийх аж. Эл аялал хоёр жилийн турш үргэлжлүүлж, монгол хүүхдүүдийг соён гэгээрүүлэхэд хувь нэмрээ оруулах аж.
“Dream day” театрынхны хувьд соёл урлагийн салбарт хүүхдийн уран бүтээлээр хүч түрэн гарч ирж буй шинэ хамт олон. “Мэлхий гүнж” жүжиг “Dream day” театрынхны энэ оны анхны бүтээл. Үргэлжлүүлээд 2023 ондоо “Алиса гайхамшгийн оронд”, “Гринч зул сарыг хулгайлсан нь” бүтээл дээр ажиллахаар төлөвлөжээ.
ОХУ-ын Санкт-Петербург хотноо 130 гаруй театр тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн 90 нь драмын чиглэлээр уран бүтээл хийдэг. Үлдсэн нь хүүхдийн жүжгийн театр аж. Тиймдээ ч оросын 10 настнуудын дийлэнх олонх нь Л.Н.Толстойн бүх зохиолыг мэддэг гэнэ. Өдгөө Монголд сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн ганц хоёрхон театр “мэндэлж” буй. Тэдний нэг нь “Dream day” театрынхан юм.