Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газраас Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ирсэн хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлагад дүгнэлт шинжилгээ хийж, кейс шийдвэрлэлтийн чанар, үр дүнг дээшлүүлэх, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар кейс хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэл, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ оны нэгдүгээр сард 7984 дуудлага мэдээлэл ирсний 1309 нь хүүхдийн эрх, хамгаалал, 728 нь зөвлөгөө хүссэн, 2973 нь мэдээлэл хүссэн, 2971 нь зорилтот бус буюу тасарсан, тоглосон дуудлага эзэлж байна.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар энэ оны эхний 2 сард нийт 101 хүүхэд үйлчилгээ авсан. Тэдний 34 хувийг 0-5 насны хүүхэд, 30 хувийг 11-15 насных, 24 хувийг 6-10 насны хүүхэд эзэлж байна. Ирж буй хүүхдийн 55 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байна. Үл хайхрах хүчирхийлэлд өртөж буй гол шалтгаан нь эцэг эх архины хамааралтайгаас болохыг төвийн мэргэжилтнүүд онцолсон.