Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулж буй. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх, иргэд олон нийтээс санал авах уулзалтыг Булган аймаг, Орхон аймаг, Дархан-Уул аймагт 2023 оны гуравдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсэг хуулийн төслийг нийслэлийн ахмадын төлөөлөлд танилцуулж, санал авах уулзалтыг зохион байгуулсан аж. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн зорилт нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, бие даасан, олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, сангийн хөрөнгийг зохистой удирдаж, алдагдалгүй түвшинд хүргэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж буй юм.