Шилдэг өсвөрийн, үндэсний, сонгодог хөгжимчид, уран бүтээлчдийг дэмжин, шинэ бүтээл, тоглолтыг нь үзэгчдэд хүргэх ажил зохион байгуулдаг “Виртүс” академийнхан “Виртуозо гала концерт”-ын 20 жилийн ойд зориулсан цуврал ажлын эхлэл болгож “Mongolia in music” тоглолт зохион байгуулах гэж байна. Монголын үе үеийн алдарт хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдээс үзэгч, сонсогчдод хүргэх уг арга хэмжээ ДБЭТ-т энэ сарын 14-нд болно. Өнөө цагийн шилдэг гоцлон тоглооч хөгжимчид хэн гэдэг хөгжмийн зохиолчийн ямар бүтээл эгшиглүүлэх талаар мэдээлье.
Хуучирч, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин Э.Цэндсүрэн Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Эргэцүүлэл” хэмээх концертино тоглох юм байна. Тэрбээр уг зохиолын агуулгыг сэтгэл уудлах хүүрнэл, гэгээн дурсамж, бага зэргийн түгшүүр, үүрдийн хайр хэмээн тодорхойлов. Хөгжмийн зохиолч уг бүтээлээ 1992 онд туурвижээ. Хуучирч “Төгөлдөр хуурч Б.Золзаяа багш бид хоёр энэ зохиолын санаа, агуулгын талаар ярилцаад, нэгэн сайхан нас тогтсон эмэгтэйн яриа байдлаар тоглоё гэж шийдсэн юм. Магадгүй зовсон ч амьдралыг сөрж туулсан эмэгтэй өнгөрсөн бүхний тухай, тэр дундаа анхны бөгөөд үүрдийн хайртай залуу, ханийнхаа тухай хэн нэгэнд аз жаргалтайгаар ярьж өгч буй тухай байж болох юм. Сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай “Сэтгэлд баяр бялхуулж, гэгээ, гэрэл цацрааж, дэлхий ертөнцийг таних боломж олгож, нүдийг нь баярлуулж, чихийг нь мялааж байвал тэр хайр. Түүнээс биш гоё хувцаслаж, том байшинд амьдруулах төдийгөөр хайрыг хэмжихгүй” гэж хэлснийг сонсоод нэгийг бодсон. Мөн аав минь бурхан болсны дараа ээжийн минь сэтгэлд юү үймэрч, хайр, харуусал, баяр, жаргал хэрхэн давхцан байгаа бол хэмээн бодсон зэргээс үүдэн уг бүтээлийг хүмүүст яаж хүргэхээ шийдсэн” хэмээн хуучирч ярив.
Морин хуурч, Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж Хөдөлмөрийн баатар Б.Шаравын “Эхийн сэтгэл шиг” бүтээлийг сонордуулна. Энэ нь эх, эхийн хайр, эхлэл, хорвоо ертөнц, түүний оршихуй гэсэн ойлголт, агуулгын тухай дуулал ажээ.
Хөгжмийн зохиолч морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан уг бүтээлээ бие чилээрхүү байхдаа буюу 2018 онд хань Д.Ганчимэгтээ зориулан бичсэн бөгөөд энэ нь уран бүтээлчийн сүүлчийн туурвилуудынх нь нэг юм. Гэргий Д.Ганчимэг нь “Бичиж дууслаа гэсэн хэрнээ байн байн тоглож үздэг байсан. Төгөлдөр хуурын зэрэгцээ сэтгэлдээ их тоглодог хүн байлаа. Нэг өдөр “За, энэ болжээ” гэсэн. Тэгэхээр санаагаа гүйцээсэн байх. Гүн ухааны утга, агуулгатай зохиол л доо. Хорвоо ертөнц, хүн, байгалийн орчил, ертөнцийн жам ёсны тухай гэж хэлж болох болов уу” гэсэн юм.
Хөгжмийн зохиолч нь морин хуурч Н.Жигжиддоржид зориулж морин хуур, симфони найрал хөгжмийн II концертоо бичнэ гэдэг байсан юм билээ. Гэтэл нэг өдөр хөгжимчин залуу руу залгаад “Тэр ч өнгөрөх шиг боллоо. Гэхдээ би каденцтай, аятайхан, богиновтор юм бичсэн. Хүүгээрээ ноотыг нь өгөөд явуулъя. Чи үзэж л байгаарай” гэсэн аж. Үүнээс үзэхэд магадгүй хөгжмийн зохиолч II концертынхоо санааг “Эхийн сэтгэл шиг”-дээ шингээсэн байх магадлалтай.
Ятгачин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын ятгын концертыг тоглохюм. Бодол, уянга, эрч хүч, тэмүүлэл, эрс шийдэмгий байдлыг илтгэн эгшиглүүлнэ. Хөгжмийн зохиолч уг бүтээлээ 2004 онд ятгачин Ч.Мөнх-Эрдэнэд зориулж туурвисан бөгөөд Төрийн шагнал хүртсэн бүтээлүүдийнх нь нэг юм. Б.Мөнхболд “ХБНГУ-д олон жил ажиллаж, амьдарсан ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2002 онд эх орондоо ирээд байхдаа “Виртуозо гала концерт”-ын тайзнаа, мөн ХБК-ийн концертын танхимд эрч хүч дүүрэн тоглож байхыг харсан юм. Тэр үед “Бяр нь багтаж ядсан энэ хөгжимчинд бүтээл зориулъя. Тэгэхдээ төгөлдөр хуурт зориулсан байдлаар концерт бичье. Элбэгхэн тоглоно доо” гэж бодсон. Бичлээ. Хэллээ. Ноотоо ч өглөө. “Алтан намар-2004”-т тоглуулахаар боллоо. Гэтэл хөгжимчин маань байдаггүй. Яадаг билээ гэж байтал ятгачин тоглолт болохоос хоёр хоногийн өмнө Германаас хүрээд ирсэн. Н.Бүтэнбаяр маэстро хоёр удаа л оркестртой нийлүүлээд, хөгжмийн наадамд тоглуулахад гран при шагнал хүртсэн юм” гэж байлаа.
ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, ёочинч Т.Өлзийжаргал хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын ёочинд зориулсан концертыг сонсгохнь. Талын анир, говийн наран, хүмүүний бодол, алсад зорих тэмүүллийг мэдрүүлэн хөгжимдөнө. Хөгжмийн зохиолч ёочин, үндэсний найралд зориулсан уг концертоо 2017 онд бичжээ. Энэ зохиолын талаар хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэг “Ёочин хөгжмийн доод регистрээс дээш нь аажим тэмүүлүүлж, доод, дунд, дээд регистр буюу чалхыг бүрэн эзэмшиж туурвисан. Үүгээрээ хөгжмийн зохиолч нь хүн амьдралынхаа турш зорилготой байж, түүндээ хүрэхийн төлөө тэмүүлсээр оройд нь гарч болдгийг хэлэх гэсэн, ийм агуулга бүхий зохиол юм. Зохиолын дунд байх каденц буюу авад (тэр даруйд) зохиолын хэсгийг хөгжимчний мэдэлд үлдээснээрээ онцлог. Гоцлоочид ур чадвараа харуулах, сорих тэр хэсэгт хөгжимчин өөрийнхөөрөө сэтгэн, найруулж тоглох боломж олгосон гэсэн үг” гэлээ.
Хийлч, Консерваторын багш Д.Галбадрах Ардын жүжигчин Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга”-ыг үзэгчдэд хүргэнэ. Энэ нь монгол нутаг, хүн ардын аж байдал, байгалийн сайхны тухай дуулал юм. Хийлч, хөгжмийн зохиолч, удирдаач, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун уг бүтээлээ 1951 онд туурвисан билээ. Тэрбээр өөрийн зохиосон энэхүү хувилбар аязаа БНЧУ, Унгар, БНАГУ, Румын улсад болсон Дэлхийн залуучууд, оюутны их наадамд тоглосон түүхтэй.
“Ардын хоёр дууны найруулга”-ыг ЮНЕСКО-гийн дэргэдэх Хөгжмийн зөвлөлөөс 1973 онд ЗХУ-ын Алма-Ата хотод зохион байгуулсан “Азийн хөгжмийн индэр” эрдэм шинжилгээний симпозиумаар олон улсад заавал сурталчилбал зохих, хүн төрөлхтний шилдэг бүтээлийн жагсаалтад бүртгэн авсан юм. Энэ үйл явдал нь уг зохиолын үнэ цэнийн баталгаа ажгуу.
Улсын филармонийн симфони найрлын гобой хөгжимчин Ч.Төмөр хөгжмийн зохиолч Г.Самбалхүндэвийн гобойд зориулсан I концертыг тоглох юм. Монголын үзэсгэлэнт байгаль, долгилон урсах голын мяралзаа, хүмүүний сэтгэлийн толь мэт хөгжим. Баялаг бишгүүрч, хөгжмийн зохиолч уг бүтээлээ 2015 онд гобой хөгжимчин, мэргэжлийн багш, Гавьяат багш Г.Ширчинбаатарт зориулан туурвижээ. Багшийнхаа хөдөө, байгалийн сайханд аялж, ажиллаж явахдаа тун жаргалтай байсан тэр үеийн төрх, сэтгэл хөдлөлийг нь хөгжмийн бүтээлд тусгахыг зорьсонаж. Ингэж Монголд анхлан гобой хөгжмийн концерт төрсөн түүхтэй. Зохиолын гол сэдэв, аялгуугаа багшийнхаа нутаг, Ховд аймаг дахь Хар-Ус нуурын долгилон мяралзах мандлаас олсон гэнэ билээ.
Улсын филармонийн симфони найрлын хийлч М.Номуужин, төгөлдөр хуурч О.Урангоо, виолончельч Б.Анхмаа нар Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын хийл, төгөлдөр хуур, виолончельд зориулсан трио тоглоно. Хөгжим судлаач С.Энхбулаг уг бүтээлийн агуулгыг “Сонгодог зарчим, монгол аялгуу, чамин нарийн хийц, баялаг өнгө, дуурьсал” хэмээн тодорхойлсон.
Гавьяат багш Б.Зоригтын удирддаг цохивор хөгжмийн чуулга энэ тоглолтод хоёр бүтээл сонордуулах юм.
Ардын жүжигчин Н.Жанцанноровын хоёр дахиа Төрийн шагнал хүртсэн бүтээлүүдийнх нь нэг “Нутаг минь, хүлэг минь” бүтээлийг тоглоно. Нэгэн монгол залуу уг зохиолыг сонсоод дуу алдах мэтээр сошиалд “Сүүмийх тал. Сүмбэр уулс. Сүүн сэтгэлт ээж. Амины ганц эх орон. Хүн шиг л хүн, хүү нь байсаар дуусах сан” гэж бичсэн нь энэхүү бүтээлийн санаа, агуулга мэт.
Цохивор хөгжмийн чуулгын тоглох хоёр дахь бүтээл нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангалын Төгөлдөр хуурын I концертын III анги аж. Уг бүтээл болон хөгжмийн зохиолчийн талаар судлаач С.Энхбулаг юу хэлснийг дурдъя. Тэрбээр “Концерт хэмээх төрөл зүйл нь аливаа хөгжмийн зохиолчоос онцгой ур чадвар, мэдрэмж шаарддаг. Монголын хөгжмийн зохиолчдын хөндөж оролдож байгаагүй энэ төрөл зүйлийг, тэр дундаа төгөлдөр хуур болон симфони найрал хөгжимд зориулсан концерт хэмээх бүтээлийг зориглон барьж авсан хөгжмийн зохиолч бол З.Хангал юм.
1973 онд Уралын консерваторын оюутан З.Хангал XX зууны шинэ Монголын хөгжмийн ертөнцөд урьд өмнө сонсогдож байгаагүй дориун бүтээл туурвисан нь Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан I концерт байв. Хэдийгээр Өрнийн сонгодог хөгжмийн хэлбэр, загварыг баримталсан авч зохиомжийн сэтгэлгээ, хөг, аялгуу, хэмнэл, дуурьслаараа тэрбээр “Шинэ монгол хөгжим” туурвисан юм. Хэм хэмнэлийн аливаад үл захирагдах сэтгэлгээ, эгшиг, аялгууны задгай дуурьсал зэрэг нь залуу уран бүтээлчийн зоригтой, эрс шийдэмгий сэтгэл, сэтгэлгээг илэрхийлэх мэт.
З.Хангал 1960-аад оны сүүл үеэр “Аяны шувууд”-аа нисгэж байсан бол Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан I концертоосоо эхлэн Монголын хөгжмийн “Салхич шувуу” болон дүүлэх тавилантай байж” хэмээн ярив.