БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2021 онд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд нийт 542 иргэн тэнцсэн байна. Тэнцсэн иргэдийн мэдээллийг БНСУ-ын Гадаад ажил хайгчийг бүртгэх программд оруулсан. Үүнээс: мэдээллийг солонгос тал хүлээн авсан төлөвт 45, илгээгдсэн төлөвт 470, Мэдээллийг засварлан буцаасан төлөвт 5, дуусаагүй төлөвт 33, буцаагдсан төлөвт 3, бүртгэх үеийн мэдээллийн алдааг засах хүсэлт гаргасан төлөвт 4 иргэн байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд хүлээн авсан болон илгээгдсэнээс бусад төлөвт байгаа иргэдтэй холбогдон асуудлыг шийдвэрлэж байна. Гадаад паспорт, банкны тодорхойлолтын зураг шаардлага хангаагүй, урьд нь солонгост зорчиж байсан, гэр бүлийн байдал болон холбогдох мэдээллээ алдаатай бичиж өгсөн зэргээс дээрх асуудал үүсэж байгаа юм. Иймд иргэд элдэв буруу ташаа мэдээлэлд автахгүй, илгээх үйл ажиллагааны явцад хүлээцтэй хандаж, хүндрэл учруулахгүй байхыг хүсье.
Өнөөдрийн байдлаар 2019 онд шалгалтад тэнцсэн 558, 2020 онд тэнцсэн 22 иргэнийг энгийн болон тусгай хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д илгээгээд байна. Харин 2019 онд шалгалтад тэнцсэн 216, 2020 онд тэнцсэн 13 иргэнд БНСУ-ын цагаачлалын албанаас цахим визийн хариу ирээд байгаа юм. Зөвхөн ажлын санал ирсэн, дараагийн үйл явц хүлээгдэж байгаа 2019 онд бүртгэгдсэн 141, 2020 онд бүртгэгдсэн 1, 2021 онд бүртгэгдсэн 29 иргэн байна.