Сургуульд байхад л хүн усгүй бол тав, дээд тал нь долоо хоног амьдарч чадна гэж сургадаг байсан бол Туркт болсон аймшигт газар хөдлөлт энэ онолыг өөрчиллөө.
Байгалийн гамшиг болсноос хойш 13 хоногийн дараа аврагчид амьд хүмүүсийг олсоор байв. Байгалийн гамшигт өртсөн ч амьд гарсан хүн бүрийн түүх өвөрмөц ажээ. Хэн нэгэн нь бетонон хавтанд дарагдан хөдөлж ч чадахгүй байсан бол өөр нэг нь мөлхөөд ус уух боломжтой байх жишээтэй.
Газар хөдлөлтөөс хойш найм дахь өдөр Хатай хотод 12 настай Каан хүүг аварчээ. Хүү ухаантай байсан бөгөөд түргэн тусламжийн машин руу авч явах үед тэрбээр аврагчийнхаа хуруунаас тас атгасаар байв.
Хатай хотын өөр нэгэн оршин суугч хэрхэн амьд гарснаа сэтгүүлчдэд ярьжээ.
-Байшин нурах үед би өөрийгөө үхсэн дээ гэдэгт итгэлтэй байсан. Учир нь тас харанхуй байсан юм. Би тал талаасаа бетонон хавтангуудаар хавчигдсан байлаа. Охиноо хамгаалахын тулд дороо хийн бөхийж л амжсан байв. Хавтангуудын хооронд нэг метрээс илүүгүй зай байсан. Тэдгээр хавтангуудыг нуруугаараа хэр удаан тогтоож чадахаа мэдэхгүй байсан. Гэтэл зэргэлдээх байшинд хий алдагдсанаас болж дэлбэрэлт болоход тас харанхуй байсан бидний орчинд гялбааг харагдсан юм. Би амьд байгаагаа, гэрэл рүү мөлхөх ёстой гэдгээ ойлгосон. Охин бид хоёр гарах гэж хоёр цаг болсон.
Нуранги дор 9 хоносон эх хүү хоёрыг гаргаж авсан аврагчид нулимсаа нууж чадахгүй байжээ.
Эх нь хүүхдээ аврахын тулд гараа хазан цусаа уулгаж байсан бололтой. Эхийн гар тэр чигтээ шүдний ор байсан бол хүүгийн ам уруул нил цус болсон байжээ. Хүү амьд ч ачит эх цус алдалтаас болж нас барсан байв.
Газар хөдлөлтийн 12 дахь өдөр 34 настай Мустафа Авжийг аварчээ. Түүнийг эхнэртээ ус авахаар доод давхар руугаа буух тэр мөчид байшин нь нуржээ. Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ "Энэ 12 хоногт би би цэцэг, газар шороо, шавж идсэн" гэсэн байна.
Чихрийн шижин өвчтэй, 62 настай Хуссейн 187 цагийг нуранги дор өнгөрүүлсэн байна. Түүний гэрийн хана нурахдаа шүүгээ, хөргөгч дээр хөндөлдөн тогтжээ. Хэдийн жижигхэн оройн зайд байсан ч тэрбээр лонхтой ус, дулаан хөнжил, тэр байтугай чихрийн шижингийн эмээ хүртэл олсон байна.
Мохаммед хэмээх бяцхан хүү хоёр бетонон хавтангийн хооронд 45 цагийн турш хавчуулагдсан байгаа бичлэг нийтийн сүлжээгээр дэлхий даяар тархсан. Аврагчид удалгүй түүнд ойртон очиж чадахгүй байсан ч жижигхэн нүхээр хуванцар савны таглаагаар ус өгөхөд бяцхан хүү нэг балгасны дараа аврагчид руугаа инээмсэглэх тэнхээ гаргаж байв.
Туркийн Малатья мужид гар утас нэг гэр бүлийг аврахад тусалсан байна. Газар хөдлөлт болох үед хүчтэй чичирхийлэлтээс болж гар утас цонхоор гудамж руу шидэгджээ. Дараа нь тэр хавиар өнгөрч байсан хүн утас дуугарахыг сонсоод олжээ. Нурангид дарагдсан айлын төрөл төрөгсөд залгаж байсан бөгөөд барилга нурсан байна гэсэн мэдээ сонсоод, хэргийн газарт хурдан хүрч, ойр дотнын хүмүүсээ аварчээ.
Ийм түүх хэдэн мянгаар байгаа аж.