Жон Рональд Реуэл Толкиены “Бөгжний эзэн” зохиолоор 2001-2003 онд бүтээгдсэн "Бөгжний эзэн" гурамсан кино, 2012-2014 онд нээлтээ хийсэн "Хоббит" гурван хэсэг уран сайхны кино, мөн "Бөгжний эзэн: Хүчний бөгж" олон ангит кино нь Холливудын продюсеруудад хангалттай биш бололтой.
“Warner Bros” кино студи “Бөгжний эзэн” зохиолоор сэдэвлэн шинэ уран сайхны кино бүтээхээр болсноо зарлалаа.
Энэ бол сүлжээний платформд зориулагдсан цуврал биш харин бүрэн хэмжээний өргөн дэлгэцийн бүтээл байх гэнэ.
Тус студийг өмнө нь Metro-Goldwyn-Meyer компанид ажиллаж байсан Майк Де Лука, Памела Эбди нар удирдах болсны дараа ийм шийдвэр гарчээ.
Өмнөх "Бөгжний эзэн", "Хоббит" гурамсан кинонуудыг найруулсан Питер Жексон шинэ киног найруулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч ямар ч байсан түүний саналд үйлдвэрлэлийн бүхий л шатанд маш анхааралтай хандахаа “Warner Bros” амлаж байна.
Мөн Жэксон энэ төсөлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлжээ.
Толкиены чухам ямар бүтээлүүд шинэ киноны суурь болох нь тодорхойгүй байна. Хэдий гол бүтээлүүд нь олны хүртээл хэдий болсон ч Де Лука, Эбди нарын хэлснээр "Өмнөх хоёр гурамсан кино бүтээлийн цар хүрээг үл харгалзан Толкиены бий болгосон агуу том, нарийн төвөгтэй бас гайхамшигтай ертөнц бараг судлагдаагүй хэвээр байна.
Үнэхээр ч Толкиены Дундад газрын талаар маш олон бүтээл бичсэн бөгөөд нэлээд хэсэг нь түүнийг нас барснаас хойш олон жилийн дараа хэвлэгдсэн байдаг.
Зохиолчийн ноорог болон гар бичмэлийг эмхэтгэж түүний хүүгийн хэвлэсэн "Дундад газрын түүх" 12 боть ном гэхэд л ямар үнэ цэнтэй билээ дээ.