Хонконгийн алдарт загвар өмсөгч, жүжигчин Эбби Чойгийн мөчилсөн цогцс олдсон тухай “The Guardian” мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр загвар өмсөгчийн ар гэрийнхэн Эббиг сураггүй болчихлоо гэж өнгөрсөн лхагва гарагт цагдаад мэдэгдсэн бол хууль хяналтынхан шалгаж эхлээд хоёр хоногийн дараа аймшигт хэргийг илрүүлжээ.
Өнгөрсөн сард Парист болсон загварын шоунд гялалзаж байсан бүсгүйн зэрэмдэглэгдсэн цогцс түүний түрээсэлдэг байсан байрнаас олджээ. Хөргөгчид тайрсан хөл нь олдсон бол, гал тогооны өрөөнд хоёр тогоонд чанасан хүний мах байсан байна. Хохирогчийн толгой хаана байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Мөн байшингаас цахилгаан хөрөө, алх, урт борооны цув, бээлий, маск зэрэг олджээ. Гэмт этгээд ул мөр үлдээхгүйн тулд өрөөнүүдийн тавилгыг гаргаж, ханыг нь брезентээр бүрсэн байв.
Энэ хэрэгт Эббигийн хуучин нөхрийн гэр бүл холбоотой болохыг тодруулсан байна. Цагдаа нар хадам аав болон том ахыг нь тэр дор нь баривчилсан бол хуучин нөхрийнх нь араас нэлээд хөөцөлдөх шаардлагатай болсон гэнэ. Гэсэн ч түүнийг Лантау арал дээр хөлөг онгоцонд суух гэж байхад нь баривчилсан байна. Түүнчлэн алагдсан эмэгтэйн хадам ээжийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэмээн буруутгаж байгаа аж. Аллагын шалтгаан нь хоёр хүүхэдтэй эхнэр, нөхөр хоёрын санхүүгийн үл ойлголцол болжээ. Бүсгүйн хөрөнгөө өөрийн дураар зохицуулж байгаад салсан нөхрийн талынхан туйлын дургүйцсэн байна.